Монреалийн протоколын нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-06-02 10:05:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.


Уг хуулийн төслийн хамт Агаарын тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан юм. Эдгээр хуулийн төсөлтэй холбоотойгоор асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй тул эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.


Монгол Улс 1996 онд озоны үе давхаргыг хамгаалах тухай Венийн конвенц, “Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протокол"-д нэгдэн, улмаар озон задалдаг бодисын хэрэглээг үе шаттай бууруулах, бүртгэл, хяналтын тогтолцоог бүрдүүлж байна. 


Дэлхий дахинд 2006 оноос хойш өмнөх үеийн хлорфторт нүүрстөрөгчийн төрлийн бодистой харьцуулахад озон задлах чадвар арай багатай гидрохлорт-фтортнүүрстөрөгч, хүлэмжийн хийн нэг төрөл гидрофторт нүүрстөрөгчийн төрлийн бодисуудыг хөргөлт, агааржуулалтын системд хэрэглэх болжээ. Гэвч гидрофторт нүүрстөрөгчийн төрлийн бодисууд нь дэлхийн дулааралд их хэмжээгээр нөлөөлдөг учраас улс орнууд хэлэлцэн 2016 оны 10 дугаар  сарын 15-нд Руанда улсын Кигали хотноо болсон Монреалийн протоколын ээлжит 28 дугаар хуралдаанаар оролцогч улсууд тохиролцоонд хүрч ”Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протокол”-д нэмэлт оруулж “Кигалийн нэмэлт, өөрчлөлт"-ийг баталжээ.

Холбоотой мэдээ