Бөөр, шээсний замын дурангийн хагалгааг анх удаа хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-06-07 10:58:02
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нар 3 өдөр Дундговь аймагт ажиллаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нартай хамтран бөөр, шээсний замын дурангийн хагалгааг тус аймагт анх удаа хийлээ. 

ЭМЯ-ны санхүүжилтээр 15 аймагт бөөр, шээсний доод замын дурангийн багаж, аппарат, тоног төхөөрөмж нийлүүлж байгаа бөгөөд энэхүү тоног төхөөрөмжийг ашиглах чадвар олгох зорилгоор Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Урологи-Андрологийн төвийн мэс заслын их эмч Н.Саранцэцэг болон урологийн эмч Т.Шинэбаяраар ахлуулсан баг 6 дугаар сарын 3-5-нд аймагт ийнхүү ажиллажээ.

Эмч нар 45 хүнд үзлэг хийж, 71 хүнийг бөөр, шээс дамжуулах замын чулуу тодорхойлох судалгаанд хамруулан, 7 хүнд дурангийн мэс засал, 2 хүнд нээлттэй хагалгаа хийсэн аж.  

Ийнхүү аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар орон нутагтаа бөөр, шээсний замын мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлэх боломжтой боллоо гэж тус эмнэлгээс мэдээлэв. 


Холбоотой мэдээ