ӨВӨРХАНГАЙ: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тав хоногийн сувилалд хамрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-06-23 16:46:12

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Насан туршийн боловсролын төв, Өгөөмөр сувиллаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан “Инээд цалгисан хүүхдүүд” тав хоногийн хөтөлбөрийг Тарагт сум дахь “Өгөөмөр” амралтын газарт хэрэгжүүллээ.

Тус үйл ажиллагаанд 17 сумаас 35 хүүхэд, тэдний эцэг эх, асран хамгаалагч болох 28 хүн хамрагдаж, сувилал, хөгжил, хамгааллын чиглэлээр суралцсан байна. Баруунбаян-Улаан сумын иргэн Н.Пүрэвхорлоо “Зээтэйгээ энд ирсэн. Нүд анихаасаа өмнө охиныхоо хүүхдийг гишгэдэг болгочих юмсан гэж хэрэндээ л асарч ирсэн. Харин энд ирээд хүүхдээ арчлах, хөгжүүлэх, дасгал хөдөлгөөн хийлгэх талаар олон зүйлийг мэдэж авлаа. Манай хүүхэд гар, хөл нь тэнийдэггүй байсан бол энд ирснээр гар, хөлөө тэнийлгэж, гишгэж сурлаа” гэж байв.

Мөн Бүрд сумын дунд сургуулийн сурагч Б.Явуухулан “Маш сайхан амралт, сувилгаа боллоо. Дасгал хийж сурсан. Брайл үсгийн ном уншсан. Сугалаа явуулахад нь оролцоод азтан болж, үүргэвчээр шагнуулсан. Өмнө нь ийм үйл ажиллагаанд оролцож үзээгүй болохоор маш гоё санагдсан” гэлээ.  


Төгрөг сумын иргэн Н.Чанцалдулам: Энд хэд хоног ёстой байгаагаараа, сэтгэл амар байлаа


-    Хөтөлбөрт хамрагдсан сэтгэгдлээсээ хуваалцаач?

-    Өмнө нь ийм үйл ажиллагаа болж байгаагүй, бид ч оролцъё гэж бодож байгаагүй, хөдөө суманд гэрээрээ л хүүхдээ асарч байдаг аав, ээжүүд энд ирсэн байна. Энэ тав хоног бие биендээ жаргал, зовлонгоо ярилцсан, нэгнээсээ суралцсан, өгөөжтэй, сайхан өдрүүд байлаа. Хүүхдэдээ яаж анхаарал, халамж тавих талаар мэдэхгүйгээс мэдэж, чадахгүйгээ чадаж сурсан. Үүнээс гадна эцэг, эх өөрсдийнхөө сэтгэлзүйг хэрхэн дэмжих талаар мэдэж авлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй аав, ээжүүд сэтгэл санаа нь тайван амгалан байна гэж бараг байдаггүй л дээ.

Харин энд хэд хоног ёстой байгаагаараа сэтгэл амар байлаа. Нийгэмд олон нийтийн газар очихоор гайхсан, өрөвдсөн харцаар энд тэндээс хараад, тийм ч таатай санагддаггүй.

-     Мэдэхгүй, чадахгүй зүйлээ сурлаа гэлээ. Тодруулбал юуг мэдэж авсан бэ?

-     Хотоос ирсэн багш манай хүүхдээс насыг нь асуухад би өмнөөс нь хариулахгүй юу. Тэгтэл “Хүүхдээрээ хэлүүл” гээд байсан. “Манай хүүхэд хэлж чадахгүй дээ” гэж бодсон чинь дөрвөн хуруугаа тэрүүхэн тэндээ хөдөлгөөд байгаа юм. Тэгэхээр би хүүхдийнхээ чадах юмыг өөрөөр нь хийлгэхгүй, өмнөөс нь хэлж яриад, хүүхдээ хөгжүүлэхгүй л байсан байна.

Бас багш нар маань тусдаа өрөө гаргаад тоглоом бэлдээд хүүхдүүдийг асран хамгаалагчдаас тусад нь хэсэг байлгасан. “Надаас өөр хүнтэй байж чадахгүй” гэж зарим эцэг, эхчүүд хэлж байсан ч хүүхдүүд байгаа орчиндоо дасан зохицдог, нийгэмшдэг юм байна. Дуу чимээ, олон хүний дунд байж чадахгүй, уйлаад байсан хүүхэд маргааш нь л хүн хүн рүү инээд алдаад эхэлсэн.

- Эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс ямар асуудлыг хөндөж гаргасан бэ?

-        Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд дахиж битгий нэмэгдээсэй, биднээр л дуусаасай гэж хүсч байна. Жирэмсэн болон нярай хүүхэдтэй эхчүүдэд эмч, эмнэлгийн зүгээс маш сайн зөвлөгөө өгмөөр байдаг. Хөдөө сумдад эмч нь ч, жирэмсэн эхчүүд ч мэдлэг муутай байдаг. Жирэмсэн байхдаа тонус өгөөд яваад байх юм бол хүүхэд эхийн хэвлийд байхдаа л хүчилтөрөгчийн дутагдалд ордог гэдгийг жирэмснийг хянаж байгаа эмч, эх баригч тэр ээжид зөвлөх ёстой. Энэ сургалтад ирсэн эхчүүдтэй ярилцаж байхад аль, аль талын мэдлэггүй байдлаас, буруутай үйл ажиллагаанаас болоод ийм хэцүү байдал үүссэн байдаг.

Ер нь төрөөс саажилттай хүүхдүүдэд тавих халамж сул. Эм, тарианд эрүүл мэндийн даатгал байдаггүй. Булчингийн чангаралттай хүүхдийн эм Монголд байхгүй, Солонгосоос оруулж ирдэг. 300 мянгаар эм авахад хоёр сар болоод дуусах гэхчлэн санхүүгийн асуудал их бий. Саяхан төр засгаас тархины саажилттай хүүхдийн эмийг даатгалд оруулж, цаашид төрөөс 100 хувь даадаг болох зохицуулалтыг хийхээр шийдвэрлэсэн байна лээ.

Холбоотой мэдээ