ЗАВХАН: Энэ жил зургаан суманд орон сууц барина

ОРОН НУТАГТ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-07-01 15:02:40

Завхан/МОНЦАМЭ/. Идэр суманд төрийн албан хаагчдад зориулсан 12 айлын орон сууц барьж байна.

“Огторгуйн цагаан гарьд” сангаас тус суманд 12 айлын гурван давхар орон сууц барих ажлыг эхлүүлээд байна. Барилгын нийт талбай нь 760.32 м.кв, тоосгоор барьж буй. Барилгын ажил 30 гаруй хувьтай, суурийн цутгалтын ажлыг хийж байна. Өнгөрсөн тавдугаар сард эхлүүлсэн орон сууцны барилгыг ирэх наймдугаар сарын 18-ны өдөр ашиглалтад оруулах юм.

Орон сууцыг төрийн албан хаагч болон иргэд ипотекийн зээлээр худалдан авах боломжтой. Орон сууцны 1м.кв нь 1.6 сая төгрөгөөр үнэлэгдсэн, дунджаар нэг айл 50м.кв талбайтай сууц юм. Цаашид барилгын материалын үнэ, барилгын нийт өртгөөс шалтгаалан 1 м.кв талбайн үнэлгээ өөрчлөгдөж магадгүй талаар барилгын ажлыг хийж байгаа компаниас мэдээлсэн. Аймгийн, хөдөөгийн суманд барьж буй анхны орон сууцыг төрийн албан хаагчдад зориулан, ашиглалтад өгч байгаагаараа онцлог юм гэж Идэр сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Ташрамд “Огторгуйн Цагаан Гарьд Сан”-аас сумдад орон сууц барих төслийг эхлүүлээд байгаа бөгөөд энэ жил Завхан аймгийн зургаан суманд орон сууц барих төлөвлөгөөтэй аж. Энэ төслийг сумдад ажиллаж буй төрийн албан хаагчдын амьдрах орчныг сайжруулах зорилтын хүрээнд хэрэгжүүлж байгаа бөгөөд ипотекийн зээлийг сумдын иргэд хүртэх боломжийг давхар олгох аж. 



Холбоотой мэдээ