Төрийн байгууллагын 18 албан хаагч Япон улсад мэргэжил дээшлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-10 11:03:19

Монгол Улсыг хөгжүүлэх чадварлаг боловсон хүчнийг Японд бэлтгэх зорилго бүхий Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөрийн 15 дугаар ээлжид төрийн байгууллагуудын 18 албан хаагч хамрагдах болжээ.

Өчигдөр буюу энэ сарын 09-нд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү, БСШУС-ын дэд сайд С.Отгонбаяр болон бусад албаны хүмүүс хүлээн авч, сурлагын амжилт хүслээ.

Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр буюу JDS-ийг Японы Засгийн газраас Монгол Улсад 2001 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна. Өнгөрсөн хугацаанд нийт 262 мэргэжилтэн тус улсад суралцаад байгаа юм. Тэдгээрийн 228 нь төгсөж ирээд төрийн захиргааны байгууллагад ажиллаж, мэдлэгээ эх орныхөө хөгжлийн төлөө зориулж байна. Үлдсэн залуус тун удахгүй төгсөх аж. Хөтөлбөрт хамрагдсан залуус хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна хэмээн Элчин сайд Такэнори Шимизү хэллээ.

Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулах чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд JDS чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаад талархаж буйгаа БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр дурьдаад, “Монгол, Япон 1972 онд дипломат харилцаа тогтоосноош хойш хоёр орны найрамдалт харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж байна. Өнгөрсөн онд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Ингэснээр хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжиж, олон салбарт харилцан ашигтай хамтран ажиллагаа өрнөж байна. Өнөөдөр 18 залуу Япон улсад суралцахаар явах гэж байна. Та бүхэн бүхий суралцах хугацаандаа манлайлагч байж, эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж явна гэдэгт итгэлтэй байна” гэв.

JDS хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөрийн яам, Геологийн төв лаборатори, Монголбанкны мэргэжилтнүүд Кэйоко, Кюшю, Мэйжи , Хирошимагийн их сургууль болон Олон улсын их сургуульд суралцах юм.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ