БАЯНХОНГОР: Хүн үүслийн өлгий нутаг Цагаан агуй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-07-07 16:02:40

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт аялах хэн бүхний заавал үзэх газрын нэг бол хүн үүслийн ул мөрийг илтгэх Цагаан агуй. 

Монгол Улс, тэр тусмаа Баянхонгор аймаг нь хүн үүссэн өлгий нутаг болохыг гадаадын олон орны эрдэмтэд нотолсоор ирсэн. Тодруулбал, 1989 онд Баянхонгор аймгийн Уран хайрхан гэдэг газраас олдсон археологийн олдвор нь одоогоос 500 мянган жилийн өмнө манай дэлхий дээр анх хүн үүссэнийг нотлох үнэ цэнтэй олдвор байсан бол 1996 онд Америк, Орос, Монголын эрдэмтдийн хамтарсан экспедицийн Хонгор нутгаас олсон олдвор нь дэлхий дээр одоогоос 750-800 мянган жилийн тэртээ хүн амьдарч байсныг нотолжээ. Энэхүү олдвор нь одоогоор дэлхий дээр олдоод байгаа хамгийн эртнийх нь. 

Цагаан агуйд хийсэн малтлага судалгаа, чулуун зэвсгийн олдвор хэрэглэгдэхүүний хийц хэв загвар, соёлт давхаргаас авсан дээжид хийсэн лабораторийн нарийн шинжилгээ зэргээс үндэслэн үзэхэд хуучин чулуун зэвсгийн үеэс неолитын үе хүртэл энэ агуйд эртний хүмүүс тасралтгүй амьдарч байсан нь тогтоогджээ. Тэдгээр хүмүүсийн үлдээсэн чулуун зэвсгийн дурсгал агуйг малтахад хэдэн мянгаараа олдсон байна. Ийнхүү Монгол нутагт хүн хэдий үеэс амьдарч эхэлснийг он цагийн баттай баримтаар баталсан анхны томоохон агуйн дурсгалт газар бол Цагаан агуй юм. 

Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт Их богдын нурууны Цагаан ууланд, сумын төвөөс зүн хойд зүгт 40 километр зайд "Цагаан агуй" оршино. Агуйн үүд нь баруун урд зүг рүү харсан байдалтай, нийтдээ 38 метр урт үргэлжилсэн, нэгнээс нөгөө рүү дамжсан гурван үндсэн тасалгаатай. Эхний тасалгаа 12 метр урт, 9 метр өргөн, 10 метр өндөр, хоёр дахь тасалгаа нь 7х8х9 метр харьцаатай, гурав дахь тасалгаа нь 5х4х4 метр хэмжээтэй. Эхний тасалгааны адарт гэрийн тоононы чинээ том онгорхой нүхтэй, гурав дахь тасалгааны баруун дээд хэсгээс 2 метр өргөн, 10 метр урт хонгил салаалж гардаг.

Цагаан агуй нь шохойн чулуулгийн гаралтай бөгөөд хоёр дахь тасалгааны адарт жоншны болорын том том талст бүхий ургацуудтай. Гэрэл тусгахад маш гоёмсгоор гялтганан харагддаг байна. 


Цагаан агуйд одоогоос 750 мянган жилийн өмнө хүмүүс амьдарч байсныг гэрчлэх ул мөрүүд үлдсэн байдаг бөгөөд үүнийг 1987 оноос хойш хийсэн зургаан удаагийн малтлага судалгаагаар нотолсон байна. Мөн энэхүү судалгааны үр дүнд дөрөвдөгч галавын үед Монгол ба Төв Азийн нутаг нь урин дулаан уур амьсгалтай байсныг тогтоожээ. Цагаан агуйн чулуун зэвсгийн олдворуудыг гурван үндсэн үед хуваан үздэг. Тус агуйн он цагийг тогтоох судалгааг ОХУ, АНУ-ын эрдэмтэд хийжээ. Агуйгаас олдсон тэдгээр чулуун зэвсгүүдийг Францын чулуун зэвсгийн сонгодог олдворуудтай харьцуулан судалж “Олдувайн” үед хамаарахыг тогтоосон байна. Олдувайн үе гэдэг нь МЭӨ 800 000 – 700 000 жилийн үеийг хамрах ажээ. 


Сонирхуулахад, Хүн төрөлхтний өлгий гэгдэх Цагаан агуйг Баянлиг сумынхан сум хөгжүүлэх сангийн хоёр сая төгрөгөөр 2 жилийн өмнө тохижуулж байжээ. 1996 оны малтлагаас гарсан шороо үүдний хэсэгт зам таглан байсныг зайлуулж, зоргол болон элдэв зүйлээр агуйн хананд бичсэн байсан зүйлсийг арилгахаас тус ажил эхэлжээ. Мөн нарны зайгаар ажилладаг гэрлийг агуйн гурван хэсэгт байрлуулж, агуйд хүрэх өгсүүр шатыг хийснээс гадна агуй дотор эртний хүний дүрс бүхий баримал, агуйн гадаа сүүдрэвч зэргийг барьж байгуулсан байна.

Холбоотой мэдээ