БАЯНХОНГОР: Байгалийн үзэсгэлэнт Бөөнцагаан нуур

ОРОН НУТАГТ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-07-08 15:14:39

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баацагаан сумын газар нутагт урсах Бөөнцагаан нуур Монгол оронд урсдаг хамгийн том талбайтай нууруудын эхний аравт ордог.

Нуурын урт нь 24 км, өргөн нь 11 км, дундаж гүн нь 9.3 метр, хамгийн гүн цэгтээ 16 метр хүрдэг байна. Бөөнцагаан нууранд 96 зүйлийн шувууд хуран цугладаг дэлхийд гайхагдсан ховорхон газар. Олон улсын улаан номд орсон борцгор хотон, хошуу галуу, усны нөмрөг бүргэд, реликт цахлай, жороо тоодгой, азийн цууцил энд тогтмол үзэгдэнэ. Энэ нутаг Евразийн хээр ба цөлийн биомын шувуудыг тэтгэнэ. Монгол ногтруу хэдэн зуун мянгаараа сүрэглэн нисэхийг энд харж болно. Монголын улаан дансанд орсон цагаан зээр, хар сүүлтий таарна. Загаснаас нохой сугас, давжаа сугас бий. 


Бөөнцагаан нуурт 99 гол, горхи нийлж мөрөн болоход ганцхан гол тутсан гэдэг Байдрагийн гол цутгадаг. Нууруудын хөндий дахь бусад нууртай хамт (Таацын цагаан нуур, Адгийн цагаан нуур, Орог нууруудтай) Рамсарын конвенцид бүртгэгдсэн ус намгархаг газар юм. Нуурын эрэг нь намхан элсэрхэг хөрстэй.

Бөөнцагаан нуур 12 дугаар сараас дөрөвдүгээр сарын эцэс хүртэл хөлддөг. Нуурын урд хэсэг заган төгөл, түүний өмнө Говь-Алтайн нурууны уулс, нуурын хойт талаар Шалын хоолой зэрэг говирхог өргөн хөндий үргэлжилнэ. Нуурын зүүн талын зэгс, өндөр өвс арвинтай нууранд шувууд элбэг бөгөөд олноор үүрлэж өндөглөнө. Энэхүү нуур ба том нуур хоёрын хооронд нарийн хойг бий. Нуурын орчин тойрны нутгийг малын бэлчээрээс өөр зүйлд ашигладаггүй бөгөөд аялал жуулчлал хөгжүүлэх бүрэн боломжтой бүс нутаг болохыг мэргэжилтнүүд хэлдэг.


Бөөнцагаан нуурын домог

Эрт галавын үед хорон санаат баян ноёны санаархаж байсан үзэсгэлэнт бүсгүй нутгийн ядуу бор залуу хоёр хайр сэтгэлтэй болжээ. Тэр хоёрыг элдвээр оролдоод ч салгаж чадсангүй. Тиймээс хоёуланг нь хороож, хангайн уулын өвөрт нутаглуулжээ. Гэтэл тэнд нь хоёр сайхан мод ургаж, орой оройгоор нийлж мөчир нь хоорондоо сүлжин найрсан ургасан байна. Өширсөн баян тэр даруй модыг тас хөрөөдүүлж, шатаагаад үнсийг нь хоорондоо гурван өртөө хол зайтай хоёр ууланд аваачиж булжээ. Төдөлгүй тэр хоёр цэгээс нэг нэг булаг дэлбэрэн оргилж замын булаг шандтай нийлэн томорсоор гурван өртөөний цаана хоёул хоорондоо уулзан нийлж нэг том гол болон урсаж Алтайн нурууны ар хоолойд тогтон, Бөөнцагаан нуурыг үүсгэсэн гэдэг. Сонирхуулахад, Тус нуурыг алсаас харахад цагаан өнгөтэй харагддаг учраас Бөөнцагаан хэмээн нэрийдсэн түүхтэй аж.

Холбоотой мэдээ