СЭЛЭНГЭ:Сэлэнгэ түмэн арслантай, заантай, начинтай өргөн дэлгэр наадлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-07-13 01:26:30

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн ард түмэн Тулгар төрийн 2230, 2231, Их монгол улсын 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 90, 91 жилийн ойн үндэсний их баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэлээ. Наадмын өмнөхөн шинэхэн баатрууд, гавьяатуудаа тосон авсан Сэлэнгэ түмэн нартай хуртай, арслантай, заантай, начинтай, аймгийн мэргэдүүдтэй, хурдан буянгуудтай дэнж хотойтол дэлгэр сайхан наадлаа.

Сэлэнгэ аймгийн баяр наадмын бөхийн барилдаанд 128 бөх барилдсанаас Мандал сумын харьяат аймгийн заан Э.Бат-Эрдэнэ түрүүлж, аймгийн арслан, Сант сумын харьяат аймгийн харцага Б.Ганбаяр үзүүрлэж, аймгийн заан, Цагааннуур сумын харьяат сумын начин Ц.Лхагвамягмар 5 даван шөвгөрч аймгийн начин цолыг тус тус хүртэж бөхийн ногоон дэвжээнээ эр бяраа гайхуулан, үзэгч түмнээ баясгалаа. Мөн Орхонтуул сумын харьяат аймгийн заан С.Оргилбаатар 5 даван шөвгөрч “нэмэх” чимэг хүртлээ. Ингээд Аймгийн арслан цолны болзол хангасан Э.Бат-Эрдэнийн сэтгэгдлийг хүргэе. Тэрээр:”Эрүүл энх, саруул сайхан наадаарай та бүхэн минь. Ханьдаа хайртай шүү. Монгол бөхийн төлөө байдаг гэр бүлдээ баярлалаа. Тусалж дэмжсэн аймгийн алдарт уяач Норовын Алдар ахдаа баярлалаа. Мандал сумын зон олон минь сайхан наадаарай. Сайхан барилдаж түрүүллээ” хэмээв. Харин Аймгийн заан цолны болзол хангасан Б.Ганбаяр:Сэлэнгэ нутгийнхаа зон олонд баяр хүргэе. Наадам сайхан боллоо. Найзтайгаа харгүй сайхан барилдаж, үзүүрлэлээ. Би 2017 онд аймгийн харцага цол, 2019 онд тав давж шөвгарч байсан. Одоо ингээд аймгийн заан цолны болзол хангалаа. Аав ээждээ, түмэн олондоо, гэр бүлдээ баярлалаа” гэв. Мөн аймгийн наадамд өсвөрийн 32 бөх барилдсанаас Сант сумын харъяат Д.Оргил түрүүлж, Мандал сумын харъяат Б.Батмэнд үзүүрлэлээ.

Сэлэнгэ аймгийн баяр наадмын Үндэсний сурын харваанд Зүүнбүрэн сумын уугуул Сэлэнгэ аймгийн НЭ-ийн харваач аймгийн мэргэн Х.Жаргал түрүүлж аймгийн хошой мэргэн боллоо. Удаах байрт Говь-Алтай аймгийн Халиун сумын харъяат, Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын харваач, аймгийн мэргэн, спортын дэд мастер Э.Баянзул, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын харваач, аймгийн мэргэн, спортын мастер Ш.Бямбасүрэн, Хөвсгөл аймгийн харъяат, Л.Уянга нар шалгарлаа.   

Буриад сурын харваанд тэргүүн байрт Дулаанхаан тосгоны харваач Б.Энхболд, Зүүнбүрэн сумын харваач, буриад сурын хошой мэргэн Г.Бүрэнжаргал, Шаамар сумын харваач, буриад сурын аймгийн мэргэн Н.Сүхбаатар, Зүүнбүрэн сумын харваач Б.Багахүү, Хүдэр сумын харваач А.Наранхүү нар шалгарлаа. Баяр наадмын цуваа харваанд тэргүүн байрыг Орхон сумын харваач н.Энхжин, удаах байрт Монгол Улсын дархан мэргэн Б.Зоригоо, Орхон сумын харваач, аймгийн гоц мэргэн Б.Ганхуяг нар шалгарлаа. Мөн Шагайн наадгай харваанд Монгол Улсын дархан мэргэн, Г.Ганбаатар түрүүлж, удаах байрт Орхон сумын аймгийн гоц мэргэн Б.Ганхуяг, Шүүхийн шинжилгээний алба, аймгийн гоц мэргэн Ж.Ууганбаяр ахлагчтай баг тус тус шалгарлаа. Хавчаахай харваанд Баяраа ахлагчтай баг тэргүүлж, Баруунбүрэн сумын М.Мөнхтэгш, Сэлэнгэ аймгийн н.Оросоо ахлагчтай баг тус тус шалгарлаа.

Урианхай сурын харваанд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харваач Ж.Эрхэмбаяр түрүүлж, аймгийн мэргэн цол хүртлээ. Удаах байруудад Мандал сумын харъяат спортын мастер Э.Эрка, Хүдэр сумын Э.Сумьяабадрал, Орхон аймгийн харваач спортын дэд мастер Э.Цэрэнчимэд, Мандал сумын харваач спортын мастер А.Ууганаа нар шалгарав. Мөн баяр наадмын Үндэсний сурын бага насны эмэгтэйчүүдийн харваанд Баянгол сумын харваач У.Анударь тэргүүлж, Мандал сумын харваач О.Анужин, Дулаанхаан тосгоны харваач Э.Мандухай, Т.Баттчимэг нар удааллаа. Эрэгтэйчүүдийн харваанд Дулаанхаан тосгоны харваач О.Эрхэс түрүүлж, Шаамар сумын харваач Ц.Азжаргал, Дулаанхаан тосгоны харваач Б.Амгаланбаатар, Дулаанхаан тосгоны Г.Ганхөлөг нар удааллаа.   

Буриад сурын харваанд Зүүнбүрэн сумын уугуул Сэлэнгэ аймгийн НЭ-ийн харваач аймгийн мэргэн Х.Жаргал түрүүлж аймгийн хошой мэргэн болов. Удаах байрт Дулаанхаан тосгоны харваач Х.Мягмарсүрэн, Сүхбаатар сумын харваач С.Хулан, М.Анударь, Хүдэр сумын харваач Б.Нямхүү нар шалгарлаа. Баяр наадмын хамгийн үзүүштэй, самсаа шархирсан уралдаан бол хурдан морьдын уралдаан байдаг. Аймгийн баяр наадам хурдан морьдын уралдаанаа сонгомол болон 6 насны морьдын уралдаанаар зохион байгууллаа.

Ингээд хурдан морьдын уралдааны сонгомол бага насанд Булган аймгийн Хялганат хорооны М.Анхбаярын хүрэн халзан түрүүлж, аман хүзүүнд Цагааннуур сумын Э.Мөнх-Эрдэнийн Хүрэн халзан орж, Ерөө сумын М.Ганбатын хээр, Зүүнбүрэн сумын Д.Уламбаярын хонгор, Сүхбаатар сумын М.Соёлбатын халтар айрагдлаа.

Сонгомол дунд насанд Сүхбаатар сумын М.Соёлбатын мишээл хүрэн түрүүлж, аман хүзүүнд Сүхбаатар сумын М.Самдансодовын хээр орж, Сайхан сумын М.Наранбаатарын бор халзан, Ерөө сумын Ж.Баярсайханы хүрэн, Шаамар сумын Ш.Оргилын халтар айргийн тавд давхилаа.  

Сонгомол дээд насанд Хялганатын Б.Түвшинхүүгийн шар халтар түрүүлж, аман хүзүүнд Дархан-Уулын Б.Гантулгын сартай хүрэн, Мандалын О.Отгонбатын бор, Төв аймгийн Б.Амгаланбаатарын бор, Мандалын Д.Батмагнайн хээр тус тус айрагдлаа.      

Аймгийн баяр наадмын хурдан морьдын уралдааныг 6 насанд зохион байгууллаа.

Азарганы уралдаанд түрүү магнайд Баруунбүрэн сумын А.Гантогтохын сартай хонгор, аман хүзүүнд Сүхбаатар сумын Д.Баатарзоригийн хээр халзан, Зүүнбүрэн сумын Б.Лхагвабаярын бор, Цагааннуурын С.төгөлдөрийн шарга, Ховдын У.Батбаярын халиун айрагт давхилаа.

Их насны морьдын уралдаанд Баянгол сумын Болдбаатарын зээрд түрүүлж, аман хүзүүнд Бугант тосгоны Цэрэнадмидын бор, Баянгол сумын Ганбаярын хүрэн, Төв аймгийн Арсланбаатарын сартай хээр, Баруунбүрэн сумын хүрэн халзан тус тус хурдаллаа.   

Соёолонгийн түрүү магнайд Түшиг сумын М.Баярмандахын гоё халзан, аман хүзүүнд Баянгол сумын Ц.Баярдоржийн бор, Мандал сумын С.Сод-Эрдэнийн хээр, Сүхбаатар сумын Д.Баатарзоригийн хүрэн халзан, Орхон сумын Ц.Даваахүүгийн халтар тус тус хурдаллаа.

Хязаалан насанд түрүү магнайд Ерөө сумын О.Нямсайханы зээрд, аман хүзүүнд Зүүнбүрэнгийн Н.Отгонбатын хээр, Мандалын Б.Батзулын хул, Мандалын Ц.Төмөрхуягийн хээр, Орхон сумын Б.Дашнямын хээр тус тус айрагдлаа.

Шүдлэн насанд Сайхан сумын Баярхүүгийн бор халзан түрүүлж, аман хүзүүнд Төв аймгийн Б.Арсланбаатарын хул, Борнуурын Ган-Эрдэнийн хул, Сүхбаатар сумын Д.Энхсүхийн хээр, Сүхбаатар сумын Э.Өсөх-Ирээдүйн зээрд удааллаа.  

Дааганы уралдаанд түрүү магнайд Сүхбаатарын Б.Баяржаргалын хар, аман хүзүүнд Сүхбаатарын А.Дэлгэржаргалын хээр, Ерөө сумын М.Анхбаярын ягаан, Жавхлантын Ц.Дарханбаатарын хул, Сүхбаатарын О.Буянтогтохын жинст хонгор тус тус айрагдлаа.

Баян ходоодны даагаар Сүхбаатар сумын уяач н.Очирзуугийн ембүү халтар тодорлоо.   

 

Холбоотой мэдээ