ДУНДГОВЬ:Үндэсний их баяр наадмаар Дундговийн харваачид амжилтаа ахиулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-07-13 12:55:02
altantogos

Тулгар төрийн 2231, Их Монгол Улсын 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, Ардын хувьсгалын 101 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар Дундговийн харваачид амжилтаа ахиуллаа.

Улсын их баяр наадмын буриад сурын харваагаар Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, “Мандалговь хүнс” ХХК-ний “Цахиур” багийн харваач, аймгийн мэргэн, спортын дэд мастер З.Пэрэнлэй түрүүлж, буриад сурын Улсын мэргэн цол хүртсэн юм. Тэрээр 64 сумандаа 55 оножээ.

Түүнчлэн үндэсний сурын хүүхдийн харвааны балчир насанд Дундговь аймгийн Сайнцагаан сумын харъяат, “Онч мэргэн” багийн харваач Н.Бахдал амжилттай харваж, гуравдугаар байрт шалгарсан байна.  



Мөн "Онч  мэргэн" багийн олон харваачид бусад аймгийн наадамд оролцож, цолоо ахиуллаа. 

Тодруулбал, “Онч мэргэн” багийн харваач аймгийн гоц харваач  Сандагсүрэн Отгонжаргал Увс аймгийн баяр наадамд 40 сумандаа 32 онож “Аймгийн мэргэн цол”-ны болзол хангажээ.



Мөн багийн харваач Э.Энхмгалан Говьсүмбэр аймгийн наадамд 40 сумандаа 33 онож, “Аймгийн мэргэн” цол хүртэв.



Дундговь аймгийн Цахиур багийн “Аймгийн гарамгай харваач Г.Чимэг Завхан аймгийн наадамд 40 сумандаа 36 онож “Аймгийн мэргэн” цолны болзол хангажээ.



"Онч мэргэн" багийн харваач Ө.Бямбасүрэн Говьсүмбэр аймгийн наадамд 4-р байр эзэлж, “Аймгийн онч харваач цол хүртэв.



"Онч мэргэн" багийн аймгийн "Онч харваач" Н.Эрдэнэбаатар Архангайн наадамд оролцож, 40 сумандаа 31 онож, “Аймгийн мэргэн” цолны болзлыг хангав.



Налайх дүүргийн баяр наадмын Үндэсний сурын харваанд  Дундговь аймгийн Спортын мастер  Н.Базаррагчаа 33 оноогоор Аймгийн Тод харваач цолны болзол биелүүлжээ.



Холбоотой мэдээ