СЭЛЭНГЭ: Замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-07-16 11:30:48

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. "Аажуу явбал аяндаа хүрнэ дээ" аяны хүрээнд аймгиын Цагдаагийн жолооч нарт санамж, сэрэмжлүүлэг тарааж, зөвлөгөө өгч ажиллаж байна. Мөн жолооч та хайртай бүхнийхээ төлөө замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг алба хаагчид уриаллаа.   

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар болон Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн эмэгтэй алба хаагчид хамтран замын цагдаагийн байнгын болон хөдөлгөөнт хяналтын цэгүүдэд ажиллаж байна. Алба хаагчид  зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдэд замын нөхцөл байдалд хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг зөвлөв. Мөн хамгаалах бүс хэрэглэх, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж, аюулгүй байдлыг нь хангаж зорчих талаар яриа таниулга хийж, санамж сэрэмжлүүлэг тараан ажиллаж байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.8 дахь заалтад "Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь MNS ISO 13216 (хүүхдийн хамгаалах систем) стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална" гэж заасан байдаг. Иймээс эцэг эх, асран хамгаалагч бүхэн бяцхан үрсийнхээ аюулгүй байдлыг ханган, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлж, хүүхдийн зориулалтын нэмэгдэл суудал заавал хэрэглэж хэвшихийг уриалж байна. 

Холбоотой мэдээ