ӨВӨРХАНГАЙ: И.Доржсүрэн: Наадамчид, иргэддээ халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг зөвлөе

ОРОН НУТАГТ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-07-20 13:41:27

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн түүхт 90, 91 жилийн ойн баяр наадам удахгүй болно. Баяр наадмын бэлтгэл ажил, онцлог арга хэмжээний талаар аймгийн Засаг даргын орлогч, Баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга И.Доржсүрэнгээс тодрууллаа.


-Баяр наадмын бэлтгэл ажил хэр явагдаж байгаа вэ, Гол анхаарал хандуулж байгаа зүйл юу байна вэ?

-Ардын хувьсгалын 100, 101 жил, Өвөрхангай аймаг үүсч хөгжсөний түүхт 90, 91 жилийн ойн баяр наадмаа 7 дугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. 7 дугаар сарын 22-оос эхлээд наадамд барилдах бөхийг аймгийн ЗДТГ-т, уралдах хурдан морьдыг Морь барианы газарт бүртгэнэ. Хурдан морьдын гараа, барианы зурхайг шинэчилсэн. Хуучин морь гарааны зурхайн хэсэг чулуу хад ихтэй, морь гэмтээж болзошгүй нөхцөлтэй байгаа учраас байршлыг жаахан өөрчилж, Баянгол сумын хойд тал, “Эргэн дэнжийн баг”-аас гаргахаар шийдвэрлэсэн. Морь барианы газрыг Хаус хорооллын урд талбайд байхаар тохижуулаад байна.

7 дугаар сарын 24-ний өдөр хүчит бөхийн цол олгох барилдаан болно. Мөн энэ өдөр өсвөр үеийн сурын харваа, шагайн харваа эхэлнэ. Монгол Улсын анхны ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн, Улсын Бага Хурлын анхны дарга, Ерөнхий сайд П.Гэндэн нарын хөшөөнд цэцэг өргөх болон баярын хурал, хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна.

7 дугаар сарын 25-ны өдөр баяр наадмын албан ёсны нээлт болж, хурдан морьдын уралдаан, хүчит бөхийн барилдаан, үндэсний сурын харваа үргэлжилнэ. Баярын шоу тоглолт Аюуш баатрын талбайд болно. 26-ны өдөр түрүүлж, айрагдсан морьдыг цоллох, шагнал гардуулах зэргээр үндсэндээ хаалтын үйл ажиллагааг зохион байгуулна.


-Аймгийн баяр наадам ажлын өдрүүдэд таарч байгаа. Энэ өдрөөр төрийн алба ажиллах уу, амрах уу?

-Засгийн газрын шийдвэрээр тогтоосон өдөрт баяр наадмаа хийж байгаа болохоор амралтын өдөр гэж тооцож байгаа.


-Үзэгчид наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгдөг шүү дээ. Ойн баяр наадмын нээлтээс сонирхуулвал?

-Нээлтийн арга хэмжээнд 680 хүүхэд, залуус, төрийн албан хаагчдыг оролцуулж, уламжлалт ёс заншил, аймгийн түүхэн хөгжлийг урлагийн үзүүлбэрээр үзүүлнэ. Амралтаа авсан байсан ч тус арга хэмжээнд оролцоод амарч чадаагүй алба хаагчдыг байгууллагын онцлогоос хамааран нөхөж амраахаар зохицуулалт хийсэн.

Хүндэтгэлийн тоглолтонд Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ, баярын шоу тоглолтонд Хурд, Харанга, Никитон, Киви хамтлаг, дуучин А.Хишигдалай болон залуу дуучид оролцоно.


-Наадмаар хуушуурын гэр барих, жижиглэнгийн худалдаа эрхлэх болон авто машины зогсоолд зөвшөөрөл авах уу?

-Өмнөх жилүүдэд автомашины зогсоолыг ангилалд оруулж, А, Б гэсэн зөвшөөрөл олгодог байсан бол энэ жил зөвшөөрөл олгохгүй. Машин зогсох боломжтой талбайг тооцож хэвлэлээр олон нийтэд мэдээлнэ. Гэр гуанз, худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг Арвайхээр сумын ЗДТГ-аас нэгдсэн журмаар өнөөдөр олгож байна. Байршлын хувьд маргаан гардаг учраас хүсэлт ирүүлсэн иргэдийн дунд сугалаа сугалах байдлаар зохицуулагдана. Морь дагах машины зөвшөөрөл өгөх үү гэж олон хүн асууж байна. Баяр наадмын хурдан морьдын уралдааныг Хангайн бүсийн хурдан морьдын уралдаантай хамтатгаж байгаа учраас хурдан морины комисс, хүн, мал эмнэлэг, цагдаа, хэвлэл мэдээллийн албаны машинаас өөр автамашиныг дагуулахгүй гэсэн шийдвэртэй байгаа.

Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас хурдан морины унаач хүүхдүүдэд хяналт тавьж байна. Тухайн хүүхэд мөн эсэхийг бичиг баримтаар нотлохоос гадна хамгаалалтын иж бүрэн хувцастай байх гэх мэт шаардлагууд, заавар зөвлөгөөгөө хүргэнэ.


-Урилгаар ирэх зочид гийчид, албаныханг хэрхэн байрлуулах вэ?

-Өвөрхангай аймгаас гаралтай, мөн манай аймагт ажиллаж, амьдарч, хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж байсан нэр алдар бүхий хүмүүс ирж оролцоно. Зочдыг аймгийн томоохон буудлууд, Арвайхээрийн ойролцоох гэр баазуудад хуваарилахаас гадна Эрүүл мэнд, онцгой, цагдаа, боловсролын байгууллагуудад тухайн салбарынх нь харьяалал бүхий хүмүүсийг хариуцуулж байна. Аймгийн статустай, Засаг даргын харьяа байгууллагууд, орон нутгийн болон төрийн өмчит компаниудад тодорхой хариуцлага үүрүүлж, тус бүр 1-2 гэрийг Дайрганы гол орчимд бариулах, урлагийнхан, хэвлэл мэдээлэл, инженер технкийн ажилтнуудыг сургуулийн дотуур байранд байрлуулахаар зохицуулалт хийж байна. Зарим зочид ар гэр, аав ээж, ах дүүс нь энд байдаг учраас ямар нэг асуудал гарахгүй гэж үзэж байна.


-Хүн, малын халдварт өвчлөл, байгаль, цаг агаарын эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Цаг агаарын урьдчилсан мэдээгээр 7 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд салхитай шороон шуургатай, 24-ний өдөр бага зэргийн бороотой, 25, 26 хур бороогүй байхаар байна. Наадамчин олон маань цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан ажил төрлөө зохицуулах байх аа. Ковидын халдвар дахин нэмэгдэх хандлагатай байгаа. 7 дугаар сар гарсаар 22 тохиолдол батлагдсан. Эрүүл мэндийн яамнаас хавар гаргасан урьдчилсан таамгаар ирэх 8 дугаар сард ковидын хүчтэй давалгаа явагдана гэсэн учраас энэ нөхцөл байдалд анхаарч, бэлтгэл бэлэн байдлыг хангаж байна. Наадамчид, иргэддээ халдвар хамгааллын дэглэмээ баримтлах, халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө, сэрэмжлүүлгийг хүргэе. 

Малын халдварт мялзан Тарагт, Өлзийт суманд гарсан. Сүүлийн өдрүүдэд дахин өвчлөл илрээгүй, намжих төлөвтэй байна.


 

Холбоотой мэдээ