Дорноговь аймгийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн MOН3388/3713 төсөл”-ийн хүрээнд 9 аймагт шинэ цэвэрлэх байгууламжууд барьж байна.
Энэхүү төслийн хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд хотод хоногт 3000 м.куб бохир ус хүлээн авах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж, Ар шанд Өвөр шандыг холбосон 4.4км бохир усны төв магистрал шугам зэрэг нийт 9.7 тэрбум төгрөгийн өртөгтэй дэд бүтцийн томоохон ажлуудыг хийж дуусжээ.
Сайншанд хотын дэд бүтцийг хөгжүүлэх, оршин суугчдын тав тухтай амьдрах орчныг нэмэгдүүлэх, орон нутгийн байгаль орчныг сайжруулж, хөрсний бохирдлыг бууруулах, цэвэрлэгдсэн усыг говь нутгийн ногоон байгууламж, мод тарих, зам талбайн усалгаанд дахин ашиглах зэрэг олон талын ач холбогдолтой энэхүү төслийн барилгын гүйцэтгэгчээр “Комфорт импекс” ХХК ажиллаж, 7 дугаар сарын 27-ны өдөр ашиглалтад хүлээлгэн өгсөн байна.
Цэвэрлэх байгууламжийг ашиглалтад өгөх нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, Барилга хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо болон төслийн зохицуулагч болон гүйцэтгэгч байгууллагын төлөөллүүд оролцжээ.
Монгол инженерүүд эх орныхоо цаг уур, говь нутгийн онцлогт тохирохуйц цэвэрлэх байгууламжийн технологийн шийдэл бүхий зураг төсөл боловсруулж, ажилласан бөгөөд тус төслийн зураг зохиогчоор “Хайдро дизайн прожект” ХХК, төслийн зөвлөхөөр “Монхидро констракшн” ХХК ажиллажээ. Тус цэвэрлэх байгууламж нь механик, биологи, гүйцэд цэвэрлэгээний технологитой ба цэвэрлэгдсэн усыг цэцэрлэг, зүлэгжүүлэлт, зам талбай, хөрсний усалгаанд ашиглахад зориулагдсан цооногтой. Мөн цэвэрлэгээний явцад гарсан лагийг боловсруулан бордоо, түлш гаргах тоног төхөөрөмжтэй жишиг байгууламж болж байна.
Төслийн зураг төсөл, төлөвлөлтийн шатанд Ар шанд, Өвөр шандыг холбосон 4.4км бохир усны төв магистрал шугамыг төлөвлөж өгсөнөөр Ар шандын бохир усыг нэгдсэн цэвэрлэх байгууламжаар цэвэрлэх боломжтой бүрдэв.
Цэвэрлэх байгууламжийн ашиглалтын үйл ажиллагааг “Чандмань илч” ХХК цаашид авч явуулах бөгөөд 17 ажилтнаа онолын болон дадлагажуулах сургалтад хамруулж, бэлдээд байна. Харин цэвэрлэх байгууламжийн тохируулга, зүгшрүүлэлтийн ажил нэг жилийн хугацаанд хийгдэж, ажилчдыг дагалдуулан сургах юм.
Эх сурвалж: БХБЯ