Дэлхий даяар 274 сая хүнд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай болох төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-08-19 17:12:06

НЬЮ-ЙОРК. /Anadolu/. Дэлхийн хэмжээнд энэ онд ойролцоогоор 274 сая хүнд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай болох төлөвтэй байна гэж НҮБ-аас дэлхийн хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан гаргасан тайланд цохон тэмдэглэжээ. 


НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн албаны “Дэлхийн хүмүүнлэгийн тойм-2022” тайланд дурдсанаар, 2022 онд 274 сая хүнд хүмүүнлэгийн тусламж, хамгаалал шаардагдана. Мөн энэ нь 2021 онд 235 сая байсантай харьцуулахад эрс өссөн үзүүлэлт болохыг онцлоод, Орос-Украины дайн ийнхүү өсөхөд нөлөөлж байгааг тэмдэглэсэн байна. 


Түүнчлэн өнгөрсөн оны тоон үзүүлэлт нь сүүлийн хэдэн арван жилд байгаагүй өндөр үзүүлэлт болоод байсан юм. Энэ нь өнгөрсөн онд дэлхий даяар 33 хүн тутмын нэгд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байсан гэсэн үг юм. Харин 2019 онд дэлхий даяар ойролцоогоор 132 сая хүнд тусламж шаардлагатай байжээ.


Иракийн Багдад хот дахь НҮБ-ын байр 2003 онд бөмбөгдөлтөд өртсөний улмаас 22 тусламжийн ажилтан амиа алдсан өдрийг хүмүүнлэгийн өдөр болгон тэмдэглэх шийдвэрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2008 онд гаргаснаар жил бүрийн наймдугаар сарын 19-ний өдрийг дэлхий даяар тэмдэглэх болсон билээ. 


Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн албаны мэдээлснээр, хүмүүнлэгийн тусламж шаардлагатай хүмүүсийн тоогоороо Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс /27 сая хүн/ нэгдүгээрт бичигдэж байгаа бол түүний араас Этиоп улсад ойролцоогоор 26 сая хүн хүмүүнлэгийн тусламж нэн хэрэгцээтэй байна. 


Харин “Талибан” хөдөлгөөн засгийн эрхийг авснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрч буй энэ үед эдийн засаг, хүмүүнлэгийн хямрал нүүрлээд байгаа Афганистанд ойролцоогоор 24.5 сая хүнд хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байна. Эдгээр орны араас Йемен /20.7 сая/, Мьянмар /14.4 сая/, Судан /14.3 сая/, Сири /14 сая/ жагсаж байна. 


Мөн НҮБ-аас 2021 онд халдлагын хохирогч болсон тусламжийн ажилтнуудын талаарх тайланг танилцуулжээ. Үүнд дурдсанаар, өнгөрсөн онд 460 гаруй тусламжийн ажилтан халдлагын хохирогч болсноос 140 хүн амиа алдсан байна.

Холбоотой мэдээ