Венесуэл, Колумби дипломат харилцаагаа сэргээжээ

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-08-29 17:09:14

КАРАКАС. /DW/. Венесуэл, Колумби гурван жил гаруйн өмнө тасалсан дипломат харилцаагаа сэргээж, Элчин сайд нараа тус тусын нийслэл хотод ням гарагт томилжээ.


Колумбиас Венесуэлд суух шинэ Элчин сайд Армандо Бенедеттийг Венесуэлийн Гадаад хэргийн дэд сайд Рандер Пена Рамериз нийслэл Каракас хотод хүлээн авсан байна. “Венесуэлтэй харилцаагаа хэзээ ч таслах ёсгүй байсан” гэж А.Бенедетти “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


Колумбийн анхны зүүнийг баримтлагч Ерөнхийлөгч Густаво Петро энэ сарын эхээр албан тушаалдаа орсныхоо дараа Венесуэл улстай дипломат харилцаагаа хэвийн болгох бодолтой байгаагаа илэрхийлснээр түүнийг томилох боломж ийнхүү бүрдсэн байна.


Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадоругийн хувьд Гадаад хэргийн дэд сайд Феликс Пласенсиаг Колумбид суух дараагийн Элчин сайдаар томилж буйгаа хоёр долоо хоногийн өмнө мэдэгджээ.


“Ф.Пласенсиа харилцааг сэргээж, хамтын ажиллагаа, интеграцийг бэхжүүлэхийн төлөө зүтгэхээр Богота хотноо ням гарагт хүрэлцэн очсон” гэж Венесуэлийн Гадаад хэргийн сайд Карлос Фариа мэдээлсэн байна.


Өмнөд Америкийн хөрш орнуудын харилцаанд 2015 оны цагаачлалын хямралын үеэр сэв суужээ. Улмаар 2019 онд Колумбийн Ерөнхийлөгч асан Иван Дуке Н.Мадурогийн ерөнхийлөгчөөр сонгогдсон сонгуулийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсанаар Каракастай харилцаагаа тасалсан байна.


Ийнхүү Колумби, Венесуэлийн эрх баригчид Элчин сайдын яам, консулын газруудаа хааснаас гадна хоёр улсын хоорондын нислэгийг мөн зогсоосон байна. Ташрамд дурдахад, хоёр улсын хил 2019 оноос 2021 оны сүүл хүртэл бүрэн хаалттай хэвээр байжээ. 

Холбоотой мэдээ