Японы Ерөнхий сайд асны оршуулгын ёслолд 6000 орчим зочин урина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-08-31 15:51:31

ТОКИО. /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог үдэх төрийн оршуулгын ёслолын үйл ажиллагаатай холбоотой төлөвлөгөөний төслийн талаарх мэдээллийг “NHK” телевиз олж авчээ. 


Засгийн газраас санхүүжүүлэх энэхүү үйл ажиллагаа Токио хот дахь “Ниппон Бүдокан” ордонд ирэх есдүгээр сарын 27-ны өдөр болох юм. Төлөвлөгөөний төсөлд дурдсанаар, ёслолд 6000 орчим зочин ирэх төлөвтэй байгаа бөгөөд урилгыг есдүгээр сарын эхэн үеэс үе шаттайгаар илгээнэ. 


Зочдын бүрэлдэхүүнд Японы Доод болон Дээд танхимын дарга нар, Дээд шүүхийн ерөнхий шүүгч, парламентын хууль тогтоогчид, орон нутгийн засаг захиргааны төлөөлөгчид багтаж байна. Мөн гадаадын улс орнуудын төр, засгийн тэргүүн нар болон бизнес тэргүүтэй бусад салбарын манлайлагчдыг урих ажээ. 


Төлөвлөгөөний дагуу олон нийтийг төрийн оршуулгын ёслол болох өдөр “Ниппон Бүдокан” ордны гадна талд 10-16 цагийн хооронд цэцэг өргөхийг урина. Засгийн газар холбогдох яам, агентлагийн удирдах албан тушаалтнуудаас бүрдсэн төлөөлөгчидтэй хэлэлцсэний дараа уг төлөвлөгөөг албажуулахаар төлөвлөж байна. 


Ерөнхий сайд асан А.Шинзо өнгөрсөн долдугаар сард Японы баруун нутгийн Нара хотод сонгуулийн кампанит ажлын үеэр үг хэлж байхдаа бууны суманд өртөн амиа алдсан юм. Энэхүү төрийн оршуулгын ёслол нь дайнаас хойш Ерөнхий сайдын алба хашиж байсан эрхэмд зориулсан хоёр дахь ёслол болох бөгөөд өмнөх ёслол нь 1967 онд нас барсан Ёшида Шигэрүд зориулагдсан байна.

Холбоотой мэдээ