Ерөнхий боловсролын 30 сургууль энэ онд ашиглалтад орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-20 11:30:46

Нийслэлийн Засаг дарга С.Батболд өчигдөр буюу энэ сарын 19-нд Хайлаастын эцэст байрлах цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор, 14 дүгээр сургууль, нэг болон 11 дүгээр цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцлаа.

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд байрлах 204 дүгээр цэцэрлэг , 139 дүгээр сургуулийн цогцолбор барилгыг “Нью констракшн” компани нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж байгаа бөгөөд ажлын явц 90 хувьтай байна. Тус цогцолборын цэцэрлэг 120, сургууль 160 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Одоогоор барилгын хаяавч, үүдний шат, спорт заалны шалнаас бусад ажил бүрэн дууссан бөгөөд гадна тохижилтын ажил түр хүлээгдэж байгаа юм.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд уг цогцолборын барилгыг ирэх сарын 10-ны дотор бүрэн ашиглалтад оруулахыг үүрэг болгов. Тэрбээр, "Засаг даргын орлогч нараар ахлуулсан ажлын хэсэг Улаанбаатар хотод шинээр барьж, өргөтгөл хийж байгаа сургууль, цэцэрлэгүүдэд ажиллаж, дүгнэлт хийж байгаа. Энэ онд ерөнхий боловсролын 30 гаруй сургуулийг ашиглалтад оруулж, хүчин чадлыг 3040 хүүхдээр нэмнэ. Түүнчлэн ирэх сарын 1-10-нд хүүхдүүдээ хүлээн авах 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор бэлэн болсон. Гэсэн хэдий ч шилжилт хөдөлгөөнийг зохицуулахгүйгээр хүртээмжийг бүрэн хангана гэдэг боломжгүй. Цэцэрлэгт шинээр бий болж байгаа суудлын тооны 20 хувийг зорилтот бүлэгт, 80 хувьд нь тусгай талон тарааж, сугалаа явуулахаас өөр аргагүй болоод байна. Энэ үеэр авлигын маргаан гардаг тул АТГ-тай хамтран ажиллана” гэлээ.

Үүний дараагаар Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах 14 дүгээр сургуулийн барилгын ажлын явцтай танилцав. Тус сургууль нь 1500 хүүхдийн суудалтай бөгөөд одоогийн байдлаар барилгын суурийн ажлыг гүйцэтгэж байгаа юм. Ажлын явц 7 хувьтай байна. Уг сургуулийн барилга угсралтын ажлыг концессоор “Цамхаг констракшн” компани гүйцэтгэж байна. Гэрээнд заасан хугацаагаар 2017 оны 08 дугаар сард  ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр “Хаппи бьюлдинг” компанийн барьж байгаа Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 200 ортой нэгдүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлын явц 75 хувьтай байна. Одоогийн байдлаар барилга угсралт, шавардлага, цонх суулгах ажил бүрэн дуусч, гадна, дотор шугам сүлжээний ажил хийж байгаа юм.

Харин Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах 11 дүгээр цэцэрлэгийн барилгын ажлын явц 89 хувьтай байна. Тус барилгыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Урагшлах” компани барьж байгаа юм. Өнгөрсөн оны 7 сарын 15-нд газар шороо, суурь цутгалын ажлыг эхлүүлжээ. Одоогоор хана, дээвэр, цонх, хаалга, гадна заслын ажлыг хийж дууссан байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ