ОУОХ-ны Дэд ерөнхийлөгч Х.А.Самаранч МҮОХ-нд зочиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-18 08:45:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсад ажлын айлчлал хийж буй ОУОХ-ны Дэд ерөнхийлөгч Хуан Антонио Самаранч МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшигийн урилгаар өчигдөр /2022.10.17/ Олимпик хауст зочиллоо.   


Уг арга хэмжээнд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, БТСУХ-ны дарга, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайхан, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн П.Буяндэлгэр, Ч.Амарсанаа, Д.Отгондалай болон чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт тамирчин М.Лхагвагэрэл дасгалжуулагч Б.Баттулгын хамт байлцав.   


МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг энэ үеэр манай тамирчдын сүүлийн үед оролцсон тэмцээн уралдаан, олимпын наадмуудын үр дүнгийн талаар танилцуулж, ирэх онд Улаанбаатар хотноо зохиогдох Зүүн Азийн залуучуудын наадмын мэдээллийг өглөө.   Ноён Самаранч манай улс тус наадмыг амжилттай зохион байгуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.   


Тэрбээр “Би Монголд байх 2 өдөртөө спортын салбарын ихэнх том албан тушаалтнуудтай уулзлаа. Маш ажил хэрэгч, боловсролтой хүмүүс энэ наадмын зохион байгуулалтыг хариуцаж байгааг харсан. Тиймээс монголчууд Зүүн Азийн залуучуудын наадмыг амжилттай зохион байгуулж чадна гэдэгт эргэлзэхгүй байна” гэв.   Мөн тэрбээр Парисын олимпын зохион байгуулалт өндөр түвшинд байгааг дуулгаж, урьд өмнө үзэж байгаагүй өвөрмөц олимпын наадам болно гэсэн хүлээлттэй байгааг хэлэв.


“ОУОХ-ноос залуусыг спортод татан оролцуулах, эрүүл амьдралын хэв маягийг сурталчлан таниулах талаар бодлогоо чиглүүлж байгаа. Энэ талаар МҮОХ-той хамтран ажиллахад нээлттэй байна” хэмээн онцлов. 


Ноён Самаранч уулзалтын дараа Олимпын музей үзэж танилцлаа. Түүний аав, ОУОХ-ны 7 дахь ерөнхийлөгч Хуан Антонио Самаранч 1987 онд МҮОХ-ны урилгаар манай улсад айлчлахдаа Олимпын музейн нээлтэд оролцож байсан билээ.





Холбоотой мэдээ