Монгол Улс агаарын зайныхаа 80 хувийг шинэчлээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-11-28 15:58:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын агаарын тээврийн салбар агаарын зайд ашиглах замуудыг энэ оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс ашиглаж эхлэн, одоогоор агаарын зайн 80 хувийг шинэчлээд байна.


Агаарын зайн шинэчлэл хийснээр манай улсыг тойрон өнгөрдөг нислэгүүдийг татах боломж бүрдэх юм. Монгол Улсын дээгүүр 2019 онд хоногт 450, нийт 133 мянган онгоц  нисэн өнгөрч байсан бол 2025 онд 250 мянгад хүргэхийг зорьж байгааг ИНЕГ мэдээллээ. Агаарын зайгаа шинэчилж, эдийн засгийн үр өгөөжтэй, чиг шулуун нислэг үйлдэх шинэ замуудаа ашиглаж эхэлсэн нь үүний суурь дэд бүтцийг бий болгож байгаа.


ЗТХ-ийн сайдын тушаалын дагуу агаарын зайд ашиглах агаарын замуудаа шинэчлэснээр олон улсын иргэний нисэхийн байгууллагын шаардлагын дагуу дээд, доод агаарын замыг нэгтгэж, зөвхөн уламжлалт болон үзүүлэлтэд тулгуурласан агаарын замтай болсон байна. Уламжлалт 94 агаарын замаас тогтмол ашигладаггүй замыг халж, үндсэн чиглэлүүдэд 33 чиг шулуун агаарын зам тогтоожээ. Үзүүлэлтэд тулгуурласан 10 зам дээр нэмж чиг шулуун 6 зам тогтоож, нийт RNAV5 ангиллын агаарын 16 замтай болсноор агаарын тээвэрлэгчдэд илүү олон аюулгүй, үр ашигтай чиглэл бий болгожээ.


Эдгээр өөрчлөлт нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас дэвшүүлсэн GANP буюу дэлхийн агаарын навигацийн төлөвлөгөөний хүрээнд Ази номхон далайн бүсийн орнуудад хэрэгжүүлж буй SEAMLESS ATM PLAN-ний агаарын зай маршрутын шаардлагыг шинэчлэх төлөвлөлттэй уялдуулан, ИНЕГ-аас системтэй хэрэгжүүлж буй томоохон ажлын нэг. Монгол Улсын агаарын зайн багтаамж, үр ашгийг сайжруулснаар 2030 онд нислэгийн тоо жилд 500 мянгад хүрч, агаарын навигаци, нисэх буудлын үйлчилгээний орлогыг нэмэх юм. Агаарын навигацийн үйлчилгээ нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагын бодлого, чиг хандлагын дагуу технологид суурилан хөгжиж, бүс нутагтаа тэргүүлэгч улс орны түвшинд хүрэхээс гадна дотоодын агаарын тээвэрлэгчдийн олон улсад өрсөлдөх чадвар дээшилж, Монгол Улсын гадаад харилцаа, худалдаа идэвхжинэ гэж тооцоолж байгаа аж.

 

Холбоотой мэдээ