Монгол-Японы төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтад хоёр талын 200 төлөөлөл оролцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
batbold.sh@montsame.gov.mn
2022-12-03 11:07:14
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Япон Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр “Монгол-Японы төр, хувийн хэвшлийн 10 дугаар зөвлөлдөх уулзалт”-ыг 11 дүгээр сарын 30-нд зохион байгууллаа.


Уулзалтад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх,  Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Соёлын сайд Ч.Номин, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, дарга Т.Дүүрэн, Япон Улсын Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн Дэд сайд Ш.Накатани, Япон, Монголын эдийн засгийн хорооны дарга Х.Цүбай зэрэг төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцов.


МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин тус зөвлөлдөх уулзалтын нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Өнгөрсөн хугацаанд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд гарсан хамгийн том ололт, амжилт бол нэмүү өртөг шингэсэн экспортыг харилцан нэмэгдүүлэх, өндөр техник технологийг нэвтрүүлэх, тарифын болон тарифын бус саад тотгорыг бууруулах өндөр ач холбогдол бүхий Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг 2016 онд байгуулсан явдал” гэдгийг тодотгоод, хэлэлцээрийн үр дүнд хоёр улсын гадаад худалдааны нийт эргэлт 2016 оноос хойш тогтмол өсөж, 2019 онд 600 сая ам.долларт хүрсэн бөгөөд Япон Улс руу экспортод гарах бүтээгдэхүүнд олгох гарал үүслийн гэрчилгээ 2016 онтой харьцуулахад 2019 онд 98 хувиар нэмэгдсэнийг тэмдэглэлээ.


“Монгол-Японы төр, хувийн хэвшлийн 10 дугаар зөвлөлдөх уулзалт"-ын үеэр Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Анар “Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, эдийн засгийн бодлого, хөрөнгө оруулалтын орчин”, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн “Монголын экспортыг Японы зах зээлд нэмэгдүүлэх боломж”, “МАК” ХХК-ийн Төслийн багийн гишүүн Х.Базарханд “Устөрөгчийн үйлдвэрлэл ба дагалдах бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн төсөл”, Япон Улсын талаас “Монгол дахь IT, ICT, Гарааны бизнесийн тухай”, “Эрчим хүчний нөөцийн талаарх хамтын ажиллагаа”, “Япон компаниудын Монгол дахь үйл ажиллагаа болон цаашдын хөгжлийн талаарх зөвлөмж”-ийн талаар тус тус танилцууллаа.


Зөвлөлдөх уулзалтад Монголын талаас Моннис групп, Таванбогд групп, Мобиком Корпораци ХХК, Ньюком групп, Макс групп, Эйр транс ХХК, Тод Сүндрэл ХХК, Домогт туул чөлөөт бүс ХХК, Хан Хөгшин Интернэйшнл ХХК, МонЖапСтар ХХК, Санжаат ХХК, Нью Прогрес групп, Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ, Монголын Алт Корпораци, Эм Си Эс Проперити ХХК, Номин-моторс ХХК, МИАТ зэрэг 36 аж ахуйн нэгжийн 60 гаруй төлөөлөгч, Япон талаас Иточу, Марубени, Мицүбиши зэрэг компаниудын 150 төлөөлөл оролцов.


Мөн айлчлалын үеэр хоёр талын хувийн хэвшлийн байгууллагууд Хамтын ажиллагааны хэлэлцээрүүдийг байгууллаа.



Холбоотой мэдээ