Цөмийн туршилтыг эсэргүүцэж Энхтайвны хонх цохив

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-29 12:18:56

“Олон улсын цөмийн туршилтын эсрэг тэмцлийн өдөр” өнөөдөр тохиож байгаатай холбогдуулан Казахстан улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Зүүн хүрээ Дашчойлин хийдэд хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулж, Энхтайвны хонх цохилоо.

БНКазУ-ын Ерөнхийлөгчийн санаачлагаар 2009 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн 8 дугаар сарын 29-ийг “Олон улсын цөмийн туршилтын эсрэг тэмцлийн өдөр” болгон тэмдэглэх болсон. Уг өдрийг тохиолдуулан БНКазУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамнаас цөмийн зэвсгийн туршилтын улмаас ам нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээг 4 дахь жилдээ зохион байгуулав.

Энэ үеэр тус улсаас БНКазУ-ын Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Жусуп Орынбай, “1991 онд БНКазУ Ерөнхийлөгч Семейн нутаг дахь цөмийн зэвсгийн туршилтын хөтөлбөрөөсөө татгалзсан. Энэ нь дэлхийд дөрөвдүгээрт томоохон туршилтын хөтөлбөр байсан. Туршилтын хөтөлбөрөөр 1960-1970 онд Семейн нутаг 600 гаруй цөмийн зэвсгийн туршилт хийсэн. Үүний уршгаар нэг сая 500 мянга гаруй хүн хохирсон байдаг. Түүнчлэн тус бүс нутагт одоог хүртэл ургын гажигтай хүүхэд төрдөг. БНКазУ-ын Астана хотод цөмийн зэвсгийн эсрэг олон улсын хурал зохион байгуулж байгаа. Энэ хуралд Монголын төлөөлөгчид ч оролцож байна” хэмээн онцлон тэмдэглэв.

Энхтайвны хонх цохисны дараа цөмийн туршилтын улмаас хохирсон иргэдийн дурсгалыг хүндэтгэж нэг минут чимээгүй зогсов.

Мөн үеэр “ATOM- Abolish Testing is Our Mission” гэрэл зургийн үзэсгэлэнг олны хүртээл болгов. Уг үзэсгэлэнд цөмийн зэвсгийн туршилтын улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн зургийг дэлгэсэн байна. Мөн туршилт явагдсан газар мэндэлсэн ургийн гажигтай хүүхдүүдийн зураг гарчээ. Энэ нь цөмийн зэвсгийн хор хохирлыг нийтэд сурталчлан таниулах зорилготой гэдгийг зохион байгуулагчид онцлов.

Өнгөрсөн хугацаанд энэхүү арга хэмжээнд зөвхөн буддын шашны төлөөлөл оролцдог байсан бол энэ удаад Христ, Үнэн алдартны болон Католик, Исламын шашны төлөөлөгчид оролцлоо. Мөн гадаад орнуудаас Монгол Улсад суугаа элчин сайдын яамдын төлөөлөл, Зүүн хүрээ Дашчойлон хийдийн лам хуваргууд, сүсэгтэн олон оролцов.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ