Малчид тариаланчдыг НДШ, ЭМД-д хамруулах гарц нэгээр нэмэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-12-28 15:13:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж шийдвэрлэв.


УИХ, Засгийн газраас баталсан хууль тогтоомжийн дагуу төрөөс олгох ноосны, сүүний, арьс ширний, улаанбуудайн урамшууллыг жил бүр төсөвт суулган шаардлага хангасан аж ахуйн нэгж, иргэдэд олгож буй. Тухайлбал, 2020 онд  46828 малчинд ноосны урамшуулал 19.4 тэрбум, 2021 онд 91977 малчинд 31.7 тэрбум төгрөг олгосон. 2020 оноос сүүний урамшуулал олгож эхэлсэн бөгөөд салбарын яам сүүний урамшууллыг литр тутамд 500 төгрөгөөр тооцож олгох болсон.  2020 оны 11 дүгээр сараас эхлээд 2021 оны 3 дугаар сар хүртэл 8.5 сая литр сүүгээ нийлүүлж, тушаасан нийт 6516 малчин, мал бүхий этгээдэд 4.3 тэрбум төгрөгийн урамшууллыг тооцож олгосон байна. Тариалангийн тухай хууль, Засгийн газрын “Мөнгөн урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 15 дугаар тогтоолыг тус тус үндэслэн 2020 онд 797 иргэн, аж ахуйн нэгжид 22.4 тэрбум, 2021 онд 767 иргэн, аж ахуйн нэгжид 22.7 тэрбум төгрөг олгожээ. Арьс ширний урамшуулалд 2020 онд 37825 мянган малчин, мал бүхий иргэдэд 9.9 тэрбум төгрөг олгосон аж.


Төрөөс олгож буй дээрх урамшуулалд хамрагдаж байгаа малчин, мал бүхий иргэд, тариаланчдын дийлэнх нь нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сайн дурын үндсэн дээр төлдөг боловч байнгын орлогогүй байдлаасаа шалтгаалж нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт тасалдах, төлөхгүй байх асуудал үүсдэг. Төрийн зүгээс нэгэнт жил бүр урамшуулалд олгох хөрөнгийг төсөвт суулгаад, олгож байгаа тул нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тухай бүрд нь тогтмол төлж чадахгүй байгаа тэдгээр иргэдэд нэгэнт олгох урамшууллаас нь шимтгэлийг суутган тооцох нь олон талын ач холбогдолтой. Нэн ялангуяа малчдын хувьд амьдралын баталгаа болох тэтгэвэр авах эрх, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд даатгалаараа хамрагдах боломж бий болох юм. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлд “Хувиараа хөдөлмөр эрхлэгч малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах нөхцөл, журмыг хуулиар тогтоож болно” гэж заасны дагуу тус хуулийн төслийг боловсруулах зайлшгүй шаардлага үүссэн аж.


Хуулийн төсөл нь 5 зүйлтэй, төрөөс олгох ноосны, сүүний, арьс ширний, улаанбуудайн урамшуулал авах эрх үүссэн иргэний төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг урамшууллаас нь суутган төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд зохих журамд заасан шаардлага хангаж, урамшуулал авах болзол хангасан иргэд энэ хуулийн үйлчлэлд хамрагдах юм. 




Холбоотой мэдээ