Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн талаар ярилцав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Элчин сайд Ш.Одонбаатар Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг (IRENA)-ийн Ерөнхий захирал Франческо Ла Камерад энэ сарын 9-нд Итгэмжлэх захидлаа гардуулж, Монгол Улсаас Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн дэргэд суух Байнгын төлөөлөгчийн үүрэгт ажилдаа албан ёсоор оров.
Байнгын төлөөлөгч, Элчин сайд Ш.Одонбаатар Итгэмжлэх захидал гардуулах үеэр сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр баримталж буй Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, Монгол Улс болон Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг хоорондын хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов.
Талууд энэ үеэр Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн шугамаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүд, хамтран хэрэгжүүлэх арга хэмжээ, төсөл хөтөлбөр, судалгааны ажлын талаар тодорхой ярилцав.