ДАРХАН-УУЛ: Тууралтат халдварын тохиолдол нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-03-10 17:28:07

Дархан /МОНЦАМЭ/. Дарханул аймгийн хэмжээнд 2023 он гарсаар тууралтат халдварын тохиолдол ихсэх хандлагатай байна.

Тухайлбал, салхин цэцэг, энтеровирус буюу гар, хөл, амны өвчин, улаан эсэргэнэ зэрэг халдварууд өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэмэгдсэн аж. 2022 оны нэг, хоёрдугаар сард салхин цэцэг өвчний 10 тохиолдол бүртгэгдэж байсан бол энэ жил 80 тохиолдол бүртгэгдэж нэмэгджээ. Гар, хөл, амны өвчлөл өнгөрсөн оны эхний хоёр сард бүртгэгдээгүй, харин 2023 он гарсаар 19 тохиолдол, улаан эсэргэний 20 тохиолдол бүртгэгдсэн байна.


Амбулаторийн үзлэг болон хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 90 орчим хувь нь бага насны хүүхэд аж. Тиймээс эцэг, эхчүүд бага насны хүүхдүүдээ халдвараас сэргийлэх, хувийн ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй гэж мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна. Халдвараас сэргийлэхийн тулд гэрийнхээ өрөө, тасалгааны агааржуулалтыг сайжруулах, чийгтэй цэвэрлэгээ хийх, гарын ариун цэвэр сахих зэрэг халдвараас сэргийлэх аргуудыг хэрэгжүүлэх шаардлагатай аж. Эдгээр халдваруудад вакцин байхгүй учраас дээрх зөвлөмжийг сайтар хангах ёстой.

Халдваруудын үед илрэх шинж тэмдгийн тухайд салхин цэцэг нь цэврүүт тууралт, гар, хөл, амны өвчний үед гарын алга, хөлийн ул, амны салстаар тууралт гардаг бол улаан эсэргэний хувьд улаан туралт гардаг. Бүх халдварт өвчний үед халуурах шинж тэмдэг илэрдэг тул эцэг, эх, асран хамгаалагчид мэргэжлийн эмчид хандах шаардлагатай гэж аймгийн ЭМГ-ын тархвар судлаач  эмч Л.Өлзийжаргал хэллээ.

Тууралтат халдварын өвчлөлд 5 хүртэлх насны хүүхдүүд буюу цэцэрлэгүүдэд голомтлон бүртгэгдэхээс гадна залуучууд өртөж байна. Салхин цэцэг өвчний нууц үе 14 хоног үргэлжилдэг учраас өвчний тархалт цаашид нэмэгдэх магадлалтай аж. Тухайн өвчний тохиолдол сүүлийн хоёр жил бүртгэгдээгүй бөгөөд энэ нь цар тахалтай холбоотойгоор хөл хорио тогтоох, хувийн ариун цэврийг тогтмол хангаж байсантай холбоотой гэж эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдлээ.

 

Холбоотой мэдээ