ДОРНОД: Нөмрөгийн дархан цаазат газар дахь Сүмийн хоолойд тахь нутагшуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-03-21 15:04:25

Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газарт орших Сүмийн хоолойд тахь нутагшуулахаар болжээ. Тодруулбал, тахийн эргэн нутагшуулсан дөрөв дэх популяцыг Монголд бий болгох зорилгоор Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн эрдэмтэд олон талт судалгаа хийсний үндсэн дээр энэ газрыг сонгосон байна. Байгалийн тогтоц, ургамлын шим, идэш тэжээлийн нөөц арвин байдал нь тахийг сэргээн нутагшуулах бүх шалгуурыг маш сайн хангажээ. Энэхүү газар нутаг нь Монгол- Хятадын хилийн зурваст багтаж байгаа учир саадгүй ажиллах тал дээр УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн дэмжлэг үзүүлж байгаа аж. 

Ийнхүү Нөмрөгийн дархан цаазат газарт тахийн сүрэг нутагшсанаар аймаг орон нутагт шинээр эко аялал жуулчлалын бүтээгдэхүүн нэмэгдэж, үүнийг дагасан ажлын байр бий болохоос гадна байгаль хамгаалах үйл ажиллагаа идэвхжинэ.

Одоогоор сонгосон талбайн нөхцөл байдалд тохируулан тахь эргэн нутагшуулах төвийн барилга байгууламжийн зургийг боловсруулах, тэнд ажиллах боловсон хүчнийг сонгон шалгаруулж, сургах зэрэг ажил өрнөж байна.

Хустайн нуруу болон говийн их дархан цаазат газруудад тахийн тоо толгой хангалттай болсон учир дараагийн төслийг хэрэгжүүлэхэд эдгээр газарт нутагшиж буй тахийн нөөц хангалттай гэж үзэж байгаа аж.

Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэн 1930-аад оноос эхлэн зэрлэг адуу буюу тахийг хамгаалж үлдэхэд ихээхэн анхаарч, 2010 оноос Монголд тахь нутагшуулах ажлыг амжилттай хэрэгжүүлж байгаа юм.  

Өнөөдрийн байдлаар Говийн Их дархан цаазат газар, Хустайн нуруу, Хомын талд нийт 900 гаруй тахь нутагшиж байна.

Холбоотой мэдээ