ДАРХАН-УУЛ: Мод тарих нь цөлжилтийг багасгаж, хур тунадсыг нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-03-27 13:21:11

Дархан /МОНЦАМЭ/. Газар нутгийн хэмжээ бага ч байгалийн баялаг, газар тариалан, мал аж ахуй хөгжсөн аймаг. Хөрс хамгаалах, бэлчээрийн талхлалтыг багасгах, цөлжилтийг бууруулах тал дээр судалгаа хийж, зохих түвшний байгууллагуудад мэдээ, тайланг аймгийн УЦУОШТ-өөс хүргүүлэн ажилладаг аж. 327.5 га нутаг дэвсгэртэй Дархан-Уул аймгийн 4.9 хувь нь цөлжилтөд хүчтэй өртсөн судалгаа байдаг ажээ. Энэ нь 2011-2021 оны хооронд хийсэн судалгааны тайлан, мэдээлэлд тусгагдсан байна.



Нийт газар нутгийн бэлчээрийн талбайн 16.9 хувь нь хэвийн, 36.6 хувьд цөлжилт сул илэрсэн, 10.4 хувьд цөлжилтөд дунд зэрэг өртжээ. Мөн хөрсний мониторонгийн судалгааг 2012 хойш хийж байгаа бөгөөд хөрсний А давхаргын ялзмагт давхаргын нимгэрэлт болон хөрсний элэгдэл илт ажиглагдаагүй, хөрсний урвалын орчин буюу PH=5.81-6.96 хооронд буюу саармаг орчноос сул хүчиллэг орчинд шилжсэн хэдий ч "оптимум" ба хөрсний PH тохиромжтой нөхцөлтэй байна гэж гарчээ. Хөрсний цахилгаан дамжуулах чадвараар давсжилтын зэрэглэлийг үнэлэхэд 0-5 см гүнд давсжилт илүү их, гүн лүүгээ бага давсжилттай үнэлэгдсэн аж.


Харин хөрсний ус нэвтрүүлэх чадварыг дан цагиргийн аргаар тодорхойлсон байна. 2017 онд хийсэн судалгааг 2012 оны дүнтэй харьцуулахад ус нэвтрүүлэлтийн зэрэглэл "хурдан" ба "хурдавтар"-аас "дунд зэрэг" ба "удаан" зэрэглэлд шилжиж хурд багасч байна гэсэн дүгнэлт гарсан аж. Дээрх судалгаануудыг аймгийн хэмжээнд есөн цэгээс 10 жилийн хугацаанд авч, судалгааны ажлыг хийж гүйцэтгэжээ.



Дээрх хугацаанд хийсэн бүх судалгааны нэгдсэн дүнгээс үзэхэд Хонгор сумын нутаг Төмөртолгой орчимд цөлжилтийн төлөв байдлын доройтол илэрсэн. 10 жилийн хугацаанд  гуравдугаар түвшнээс дөрөвдүгээр түвшин рүү шилжсэн бөгөөд энэ нь бэлчээрийн төлөв байдал муудаж буйг илтгэх аж. Учир нь элсэнцэр хөрсний бүтэцтэй, ялзмагт А үеийн давхарга нь 7 см гэж судлагджээ. Мөн Шарын гол сумын Олон хөтөл орчимд бэлчээрийн доройтол ажиглагдаж байна. Дөрөвдүгээр буюу улаан түвшинд хүрчээ.


Харин Хонгор сумын нутаг Зулзагын гол Цогт-Өндөр, Орхон сумын нутаг Дардай нуур орчимд соргог төрлийн бэлчээртэй буюу бэлчээрийн төлөв байдал 10 жилийн хугацаанд өөрчлөгдөөгүй сайн байна гэж судлагдсан аж.

Дээрх судалгаанаас үзэхэд бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах, хашаалах зэрэг ажлыг хийх шаардлага тулгарсан гэж УЦУОШТ-өөс мэдэгдэж байна. Тухайн байгууллага нь зөвхөн судалгаа хийж бэлчээрийн доройтол, цөлжилтийн хэм, хэмжээг судлан гаргаж  мэргэжлийн байгууллага болон орон нутгийн удирдах албан тушаалтнуудад танилцуулдаг аж.  


Аймгийн хэмжээнд дээр дурдсан дөрөвдүгээр түвшинд хүрсэн газруудыг хашаалах, ургамжлын сэргэх чадварыг сайжруулах шаардлага үүссэн байна. Ургамлын төрлийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах хамгийн эхний алхам нь хашаажуулалт гэдгийг ч онцолж байна.


Цөлжилт нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг аж. Хүний оролцоотой буюу бэлчээрийн талхагдалт, уул уурхай, ой модны замбараагүй бэлтгэл, хэрэглээ, ус, хөрсний хэт их ашиглалт, мал ахуй болон байгалийн нөөцийн зохисгүй менежментийн үйл ажиллагаанаас шалтгаалж байна. Харин байгаль эхийн өөрийн хүчин зүйл буюу уур амьсгалын дулаарал. Үүнд гол мөрөн ширгэх, шороон шуургаар хөнгөн хөрс туугдах, мөнх цас, цэвдгийн хайлалт, бага, жигд бус хур тунадас орох, газарзүйн байршлын шалтгаанууд зэргээс цөлжилт бий болдог ажээ.



Хүний хүчин зүйлээс шалтгаалах дотор мал аж ахуйг эрчимжүүлэх, ямаан сүргийн тоо толгойг багасгах шаардлагатай гэдгийг мэргэжлийн судлаачид үзэж байна. Учир нь ургамлыг үндсээр нь иддэг бөгөөд тухайн ургамлын сэргэлт маш удаан явагддаг аж. Мөн газар тариалангийн бүс нутгийг тойруулсан ойн зурвас байгуулах нь цөлжилтийг багасгах, шороон шуурга дэгдэхээс урьдчилан сэргийлдэг ажээ.



Улсын хэмжээнд өрнөж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь цөлжилтөд эерэг үр дагаврыг үзүүлнэ гэж судлаачид мөн үзэж байна. Учир нь хүчилтөрөгч ялгаруулж, тоос, тоосжилт буурна. Нөгөөтэйгүүр уур, амьсгал сэрүүсч эхэлнэ. Хаана мод их байна тэр газарт агаарын чийг хуримтлагдаж тунадас орох эх үүсвэр нь болдог аж. Тиймээс мод тарих нь маш зөв зүйтэй ажил, гэхдээ ургалтын чанарыг нэмэгдүүлж, үр дүнтэй хөрөнгө оруулалт хийх нь чухал ажээ.

 

Холбоотой мэдээ