Я.Шийлэгмаа: Шинэ үеийнхний хэрэгцээг хангаж ажиллах зорилт тавьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-05-12 16:06:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУБИС, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл хамтран “Дээд боловсролын чанарын баталгаажуулалт: Хувьсаж буй боловсрол-шинэ үеийн суралцагч” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.


Тус хурал ирээдүйн боловсролыг дахин төлөвлөх, “Тогтвортой хөгжлийн зорилт 4”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, дижитал суралцахуй ба боловсролыг амжилттай хувирган өөрчлөхөд чиглэсэн бодлогын төлөвлөлт, хэрэгжилтийг сайжруулах арга замыг тодорхойлох зорилготой.


Японы их сургуулийн хөгжмийн багш Шиномияа Ацухиса хэлэхдээ, “Япон улсын боловсролын салбарын стандарт нь бодох, илэрхийлэх, дүгнэх цэгнэх гэсэн энгийн зүйлээс бүрддэг. Мөн өнөө үед хүүхдийг сургахдаа технологийн аргыг ашиглаж байна. Эн тэргүүнд багийн ажиллагаа чухал. Хүүхэд ганцаараа биш хамтарч ажилладаг. Мөн шинэ технологи буюу хиймэл оюун ухааныг ашиглаж байгаа. Хүүхэд хиймэл оюун ухааныг сохроор дагахгүй, хоорондоо харилцана. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ гэхчлэн шинэ үеийнхэнд зориулсан аргаар хичээллэдэг” гэв.


МУБИС-ийн Багшийн хөгжил, сургалт судалгааны хүрээлэнгийн захирал, доктор Я.Шийлэгмаа, “Дэлхий нийтээр “Альфа ба Z үеийнхэн”-ий асуудлыг ярьж байна. Бидний суралцаж байсан үеийнхээс тэдний сэтгэл зүй, суралцах чадвар, сонирхол гээд маш олон зүйл өөрчлөгдсөн. Тиймээс суралцагчдаа оношлон, тэдэнд тохирсон сургалтын шинэ арга зүй, тэднийг хэрхэн сургаж хүмүүжүүлэх, тэдэнтэй хэрхэн харилцах нь боловсролын салбар, тэр дундаа эцэг эх, багш нарын өмнө тулгамдсан асуудал болж байна. Тэдэнтэй нийцсэн боловсролыг түгээхийн тулд судалгаа чухал. Z үеийнхний онцлог гэвэл “би” төвтэй, өөрийгөө товойлгох хүсэлтэй, техник, ур чадвар өндөртэй байдаг. Бид мэдээлэл зүйн хичээлээс мэдлэг ухагдахуунаа авдаг байсан бол тэд өөрөө суралцах бүрэн боломж, чадавхтай, байгалиасаа олон чадварыг эзэмшсэн байдгаараа давуу талтай. Мөн илүү магтуулсан, илүү эерэг, найз нөхөр шиг харилцаа холбоонд урамшиж суралцдаг.  Найз нөхөд шиг, тэдний амьдралын хэв маягийг сонирхдог, мэддэг багш тэдний хэрэгцээг хангана. Түүнээс биш уйтгартай, хуучин сэтгэлгээтэй багш нарыг сайшаахаа больсон. Тэд Cool багш” тодорхойлолтод дуртай. Тэдний сонсдог хөгжмийг сонсдог, сошиал сүлжээнд сонирхож буй юмыг нь ярьдаг багш нарыг хүсэж байна гэдэг. Багшлахуй, суралцахуй хоёр салшгүй холбоотой. Тиймээс шинэ сэдэв ярих биш, агуулгад нь тусгаж, багш бүр хандлагаа өөрчилье хэмээн шинэ үеийнхний хэрэгцээг хангаж ажиллах зорилт тавьж байгаа. МУБИС бүх шатны багшийг бэлтгэдэг учраас багшийг бэлтгэх аргачлалдаа анхаарах олон асуудал бий. Хурлын зөвлөмжийг цаашдын ажилдаа тусгах зорилго тавьж байгаа” гэв.


Хуралд Монгол, Япон, Орос, Энэтхэг, Казахстан, Хятадын эрдэмтэн судлаачид оролцсон юм. 


Холбоотой мэдээ