Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-05-19 17:47:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.


УИХ-ын даргын зүгээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу гишүүд орон нутагт ажиллах үеэр иргэд парламентын гишүүдийн тоог нэмэхийг дэмжиж байгаа ч 152 болгохыг дэмжихгүй байсныг хэлж байв. Энэ үеэр УИХ-ын гишүүд “126 гишүүнтэй байна” гэх тоог ямар үндэслэлээр гаргаж ирсэн болохыг тодруулахад Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд "Орон нутагт ажилласан ажлын дүн, иргэдийн саналд үндэслэсний зэрэгцээ УИХ-д суудалтай улс төрийн намууд зөвшилцөн, улмаар анхны төсөлд туссанаас бууруулж оруулж ирсэн.


1992 онд шинэ Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үеэр нэг гишүүн 27 мянган иргэнийг төлөөлөх агуулга, тооцооллоор УИХ 76 гишүүнтэй байхаар тооцсон бол өнөөдөр хүн амын тоо 3.4 сая болсон. Тухайн аргачлалаар тооцож үзэхэд УИХ 126 гишүүнтэй байх боломжтой хэмээн тооцоолсон" гэв. УИХ-ын гишүүн Т.Доржханд парламент бол зөвшилцлийн талбар бөгөөд хамгийн ихдээ 800 хүн зөвшилцөж шийдвэр гаргах боломжтой, харин хамгийн багадаа 120 хүн нөлөөллөөс ангид шийдвэр гаргах боломжтой гэдэг судалгаа, тооцооллын талаар танилцуулаад бусад улс орны парламентын бүрэлдэхүүний талаар жишээ татан тайлбарласан юм. Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарын гишүүд сонгогчид пропорциональ тогтолцоог дэмжихгүй, түүнчлэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг дэмжихгүй байгааг илэрхийлсэн гэдгийг уламжиллаа.


Төрийн байгуулалтын байнгын хороо төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх явцдаа "Улсын Их Хурлын сонгуулийг олныг төлөөлөх болон хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцоогоор явуулна. Далан зургаан гишүүнийг олныг төлөөлөх, тавин гишүүнийг хувь тэнцүүлэн хуваарилах сонгуулийн аргын үндсэн дээр сонгоно” гэсэн томьёоллын талаар гишүүд тус тусын байр сууриа илэрхийлж, асуулт асуулаа. Ж.Бат-Эрдэнэ гишүүн иргэдийн эрс дургүйцлийг төрүүлж байгаа шударга бус нөхцөл байдал тогтолцооноос болж үүсээд байгаа хэмээн үзэж байгаагаа хэлээд тайлбар хийсэн юм. Иймд парламентын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах нь оновчтой. Ингэснээр парламентад улс төрийн олон намын төлөөлөл ажиллаж, зөвшилцлийн талбар болж, харилцан нэгэндээ хяналт тавих боломж бүрдэнэ гэлээ. Мөн УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулсны үр дүнд төлөвшөөгүй нам, улс төрч парламентад сонгогдох эрсдэлтэй гэж сонгогчид хэлсэн болохыг Б.Баярсайхан гишүүн уламжиллаа. Уг сонгуулийн тогтолцоог тогтвортой байлгах шаардлагын талаарх иргэдийн саналыг Г.Тэмүүлэн гишүүн хуралдаанд танилцуулж, улмаар пропорциональ тогтолцоогоор буюу жагсаалтаар сонгууль явуулах тохиолдолд нийгмийн бүлгүүдийн төлөөллийг багтаах асуудлыг хуульчлах саналууд иргэдээс гарсан талаар хэлсэн. Өргөн уудам нутаг дэвсгэртэй, цөөн хүн амтай, 21 аймаг, 9 дүүрэг, 300 гаруй сум, мянга гаруй баг хороонд хуваарилагддаг засаг, захиргааны нэгжтэй Монгол Улсын хувьд иргэн бүрийнхээ засаглах эрх, оролцоог хангах, төрийн бодлогод байр суурийг нь тусгуулах, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй харьцааг бий болгох, амьдралын чанарыг адил тэгш байлгах тэргүүтэй олон шалтгаанаар парламентын сонгуулийг олныг төлөөлөх болон хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцоогоор явуулах нь зүйтэй хэмээн зөвшилцсөн болохыг Н.Энхболд гишүүн тайлбарлаж байв. 


Ийнхүү гишүүд төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан үг хэлж, асуулт асуусны дараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн нэгдүгээр зүйл “УИХ нэг танхимтай байна. Гишүүдийн 76-г мажоритар аргаар, 76-г пропорциональ аргаар сонгоно” гэснийг дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон 66 гишүүний 63 нь уг томьёоллыг дэмжээгүй юм. Үргэлжлүүлэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс боловсруулж, Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжсэн “УИХ нэг танхимтай байх ба 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг олныг төлөөлөх болон хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцоогоор явуулна. Далан зургаан гишүүнийг олныг төлөөлөх, тавин гишүүнийг хувь тэнцүүлэн хуваарилах сонгуулийн аргын үндсэн дээр сонгоно” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 66 гишүүний 61 нь буюу 92.4 хувь нь тус томьёоллыг дэмжлээ. 


Төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, зарчмыг баримталж, иргэдэд төслийн талаарх саналаа чөлөөтэй илэрхийлэх бололцоог олгож, иргэд, улс төрийн нам, олон нийтийн байгууллагын оролцоог хангаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол мэдээлж ажиллах чиглэлийг нийт гишүүд болон УИХ-ын Тамгын газарт өгөв.

Холбоотой мэдээ