ДУНДГОВЬ: Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-06-06 17:45:58
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хорооноос Дундговь аймгийн ЗДТГ-тай хамтран 6 дугаар сарын 6-нд “Санхүүгийн зах зээлийн хөгжил ба иргэдийн оролцоо” өдөрлөг зохион байгуулав.

Орон нутгийн иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилго бүхий тус үйл ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) ХХК, банкуудын төлөөлөл, Гүүдсек үнэт цаасны компани (ҮЦК), даатгалын компаниуд, банк бус санхүүгийн байгууллагууд оролцож, үйл ажиллагаагаа танилцуулан үйлчилгээ үзүүлжээ.

Иргэд санхүүгийн боловсролоо дээшлүүлснээр санхүүгийн залилан, луйвар, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлж, эрсдэлээс хамгаалж, санхүүгээ ухаалгаар төлөвлөж, удирдаж чаддаг болно хэмээн зохион байгуулагчид онцолсон.



Энэ үеэр “Хөрөнгийн зах зээлийн бодлого зохицуулалт, өнөөгийн байдал” сэдвээр СЗХ-ны Үнэт цаасны газрын ахлах референт Б.Төмөрхуяг, “Даатгалын салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэлт болон өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр СЗХ-ны Даатгалын газрын референт Э.Сайнзаяа, ББСБ-ын салбарын бодлого зохицуулалт, өнөөгийн нөхцөл байдлын тухай СЗХ-ны ББСБ-ын газрын ахлах зөвлөх Д.Болдмягмар нар танилцууллаа.

Мөн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, санхүүгийн салбарт оролцогч иргэд, олон нийтэд тулгардаг нийтлэг асуудал, санхүүгийн залилан, луйвраас урьдчилан сэргийлэх, мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохиоцуулах хууль эрх зүйн орчин, зах зээлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн.

Түүнчлэн энэ үеэр системийн нөлөө бүхий банкуудын хувьчлал, төрийн өмчит компаниудын хувьчлалын үйл ажиллагаа, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны тухай танилцуулжээ.



“Санхүүгийн зах зээлийн хөгжил ба иргэдийн оролцоо” өдөрлөгийн үеэр “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК болон арилжааны банк, ҮЦК, даатгалын компани, ББСБ иргэдэд үйл ажиллагаагаа танилцуулж, үйлчилгээ үзүүлсэн бөгөөд иргэд ҮЦТХТ болон ҮЦК-аас илүүтэй мэдээлэл авч, хувьцаагаа шалгуулж, хувьцааг хэрхэн өвлөж авах талаар зөвлөгөө авлаа.

Өнөөдрийн үйл ажиллагаанд Дундговь аймгаас арилжааны 3 банк (ХААН, ХАС, төрийн банк), Монгол даатгал, Мөнх даатгал,  Гүүдсек ҮЦК оролцлоо. Иргэд үнэт цаасны компанид данс нээлгэснээр хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох бөгөөд хувьцааны үнийн зөрүүнээс ашиг олох болон өөрийн эзэмшдэг хувьцааны ноогдол ашиг авах хоёр замаар ашиг хүртэх боломжтой юм. 





Холбоотой мэдээ