Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан дайчилгаатай хээрийн сургуулилттай танилцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-09-13 17:46:22

Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн зарим томилгоот бүрэлдэхүүн Засгийн газрын тогтоолын дагуу дайчилгаатай команд штаб хээрийн сургалтыг есдүгээр сарын 04-18-нд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт хийхээр Зэвсэгт хүчний 027-р ангид бэлтгэлдээ гарчээ.

Жил бүр зохион байгуулдаг хээрийн сургуулилттай Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг,  нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон бусад албаныхан танилцлаа.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр жил бүр зохион байгуулдаг. Нийслэл, дүүргийн бүх цэргийн штабаас дайчилгаатай сургуулилт хийж байгаа нь Монгол Улсын батлан хамгаалах салбарын байнгын ажиллагааг сайжруулахад чиглэж байгаа. Мөн хүн малын гоц халдварт өвчин болон гамшгын үеийн бэлэн байдлыг сайжруулан ажиллах үүднээс зохион байгуулдаг” гэдгийг хэллээ.

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ “Энэ сургуулилтыг явуулсанаар эрүүл мэндийн салбарынхан цаашид бусад яамдууд, байгууллагууд, холбогдох газруудтай  хэрхэн хамтран ажиллах, уялдаа холбоогоо бататган ажиллах мөн эмч мэргэжилтнүүдийнхээ мэдлэг чадварыг дээшлүүлэх, малын гоц халдварт өвчин, байгалийн гамшиг, осол аваарт бэлэн байх зэрэгт чухал ач холбогдолтой юм. Өнөөдөр нийслэлийн бүх дүргүүгээс болон Халдварт өвчин судлалын төв, Зоонозын төв зэрэг олон байгууллагууд оролцсон үр дүнтэй сургуулилт болж байгаа нь харагдаж байна” гэлээ.

Хээрийн сургуулилтыг танилцуулах ажлын хүрээнд малын гоц халдварт өвчний голомтод халдвар авсан иргэдэд тусламж үзүүлэн эмчилж хэрхэн ажиллаж байгаа болон  гэнтийн осол аваар, дайралтын үед шархдаж гэмтсэн хүмүүст эмнэлгийн тусламж яаралтай эмчилгээг хийж тээвэрлэн авч явж байгаа зэрэг бэлэн байдлыг ханган ажиллаж байгааг үзүүлж байлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ