Түлшийг импортлогчоос шууд авдаг болсноор тийзийн үнийг бууруулах боломжтой болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2023 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Иргэний агаарын үндэсний тээвэрлэгч МИАТ ТӨХК гадаад дахь нислэгүүдийн тийзийн үнийг 10-26 хувиар бууруулснаа мэдээллээ.
Тухайлбал, Улаанбаатар-Бээжин чиглэлийн нислэгийн үнийг
26 хувиар бууруулжээ. Чиглэлүүдээс хамаарч тийзийн үнэ дунжаар 10-15 хувиар
буураад байгааг “МИАТ” ТӨХК-ийн захирал Б.Мөнхтамир хэллээ.
Тэрбээр хэлэхдээ, Газрын
тосны тухай хуулийн 7.2-т онгоцны шатахууныг экспортлогч орнуудаас шууд
худалдаж авах боломжтой болсон. Тодруулбал,
2022
оны есдүгээр сараас Монголын төрийн өмчийн “Эрчис ойл”
компаниар дамжуулан ОХУ-ын “Роснефьт” компаниас шатахууныг хямдралтай үнээр шууд авч байгаа. Мөн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн
дагуу шатахууныг хэмнэж байгаагаас тийзийн үнийг 10-15 хувиар бууруулж байгаа гэв.
Тус компани Франкфурт, Истанбул, Бээжин, Хонгконг, Сөүл, Бусан, Токио зэрэг шууд нислэг үйлддэг чиглэлүүдийн тийзийн үнийг хямдруулахаар шийдвэрлэсэн байна. Нислэгийн захиалгаа эрт, урдчилсн өгснөөр хямд тийзээр нисэх боломжтой, нислэг бүрд 17 нэр төрлийн үнийг санал болгож буйг мэдээллээ.