Гамшгаас сэргийлэх цаашдын зорилт, үйл ажиллагааг тодорхойлох чиглэлийг хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайдын ивээл дор зохион байгуулж буй Эрсдэлийн үндэсний форумын өнөөдрийн үдээс хойших хуралдаан “Гамшгийн бэлэн байдал” сэдвийн хүрээнд өрнөлөө.
Тогтоосон сэдвийн хүрээнд Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо “Барилга, дэд бүтцийн салбарын эрсдэл бас стандарт”, Эрчим хүчний дэд сайд Б.Баярмагнай “Эрчим хүчний салбарын эрсдэл ба стандарт”, нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг “Улаанбаатар хотын үерийн эрсдэл, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ”, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр “Гамшгаас хамгаалах бэлэн байдал, үндэсний чадавх” сэдвээр тус тус илтгэл танилцууллаа.
Бригадын генерал Б.Ууганбаяр танилцуулсан илтгэлдээ “Гамшгаас хамгаалах тухай хуульд “Бэлэн байдал” гэдгийг гамшиг, аюулын сөрөг үр дагаврыг урьдчилан тооцож, хүний амь нас, эрүүл мэнд, мал, амьтан, хүрээлэн буй орчин, дэд бүтэц, нийгэм-эдийн засгийн аюулгүй, тогтвортой байдлыг хангах зорилгоор авч хэрэгжүүлж байгаа нэгдмэл удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалтын цогц арга хэмжээг хэлдэг. Бэлэн байдал нь улсын, орон нутгийн, хувийн хэвшлийн, хүй элгэн, хамт олон, өрхийн, иргэний гэсэн цар хүрээтэй. Гамшгаас хамгаалах төлөвлөлт бол болзошгүй аюул, ослын тохиолдох магадлал, хор хөнөөлийг урьдчилан таамаглаж, нөхцөл байдлыг хүндээр төсөөлж, боломжит нөөцөд тулгуурлан хариу арга хэмжээг тодорхойлохыг хэлнэ. Гамшгийг тэсвэрлэх чадвар гэдэг нь Гамшгийн эрсдэлийн удирдлагын үндсэн бүтэц, үйл ажиллагааны хамгаалах, сэргээн засварлах замаар тохиолдсон гамшгийн аюулын үр дагаврыг даван туулах, шингээж авах, дасан зохицох, шилжүүлэх, сэргээн босгох ажлыг шуурхай, үр ашигтай зохион байгуулах явдал юм. Тиймээс Үндэсний сөрөн тэсвэрлэх, даван туулах чадавхыг бэхжүүлэх шаардлагатай байна” гэлээ.
Шадар сайд С.Амарсайхан энэ үеэр хэлсэн үгэндээ “Нийт нутаг дэвсгэрийн 80 шахам хувь цөлжилтөд нэрвэгдээд байгаа нь мал аж ахуй, газар тариалан зэрэг эдийн засгийн чухал салбарууд нь цаг агаар, уур амьсгалын өөрчлөлтөөс ихээхэн хараат байдаг манай улсын хувьд эрсдэлийг илүү нэмэгдүүлдэг. Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд манай орны жилийн дундас агаарын температур 2.2 хэмээр нэмэгдсэн нь дэлхийн дундаж өөрчлөлттэй харьцуулахад өндөр үзүүлэлт юм. Сүүлийн 45 жилд хүйтэн өдрийн тоо дунджаар 15 хоногоор буурч, халуун өдрийн тоо 24 хоногоор нэмэгдээд байна. Монгол Улсын Засгийн газрын бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг нь ард иргэдийнхээ аюулгүй, амар тайван орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, эрсдэлийн мэдрэмжтэй хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, гамшигт тэсвэртэй, эрсдэл даах чадвартай иргэний нийгмийг цогцлоох явдал” хэмээн онцоллоо.
Өнөөдрийн хэлэлцүүлгээс гарах санал, зөвлөмж нь Гамшгаас сэргийлэх бидний цаашдын зорилт, үйл ажиллагааг тодорхойлоход чухал баримт бичиг болон гарах юм.