УИХ-ын Тамгын газрын ЕНБД Б.Болдбаатар Дорноговь аймагт ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМонгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Дорноговь аймгийн ИТХ хамтран “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч, нарийн бичгийн дарга нарт зориулсан үндэсний сэдэвчилсэн II сургалт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал: Төлөөлөгчдийн манлайлал” сэдвийн дор зохион байгуулж байна.
Уг сургалтаар Төлөөлөгчдийн манлайлал, Манлайлагчийн хөгжил, Хяналт-шинжилгээ, үнэлгээ буюу ИТХ-аас шийдвэрийн биелэлтийг тооцох нь, Судалгаа шинжилгээ хийх арга зүй, Нутгийн өөрөө удирдах байгууллагаас бусад байгууллагуудтай харилцах үйл ажиллагааны үндсэн хэлбэрүүд зэрэг агуулгаар төслөөс бэлтгэгдсэн сургагч багш нар хичээл зааж, сэдэвчилсэн сургалтын гарын авлага, шаардлагатай хэрэглэгдэхүүнээр ханган ажиллаж байна. Сургалтыг бэлтгэгдсэн сургагч багш аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцэцэг, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Зоригтбаатар, Б.Адилбиш нар зааж байна.
Өнөөдөр /2015.10.07/ Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, төслийн үндэсний захирал Б.Болдбаатар энэхүү сургалтанд хамрагдаж буй Дорноговь аймгийн 14 сумын ИТХ-ын тэргүүлэгчид, ИТХ-ын Нарийн бичгийн дарга нарт хандан үг хэллээ.
УИХ-ын Тамгын газрын ЕНБД Б.Болдбаатар хэлэхдээ, энэхүү төслийн хүрээнд орон нутгийн сонгуульт төлөөлөгчдөд зориулсан сургалтын хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх механизмыг бий болгож байна. Мөн шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хөхиүлэн дэмжих замаар сонгуульт төлөөлөгчдийн хариуцлага болон хурлын хяналтын үүргийг нэмэгдүүлж, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулахад чиглэгдэж байна гэлээ.
2013 оны 06 дугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн уг төсөл нутгийн удирдлагын хариуцлага, орон нутгийн үйлчилгээг сайжруулах, орон нутгийн хурлын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх, Төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөрийг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх механизмыг бий болгох, иргэдийн оролцоог хангаж байгаа сайн туршлагыг дэлгэрүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах зэрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
2013 онд Төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөр, гарын авлагыг боловсруулан, сургагч багш нарыг бэлтгэж, Хэнтий, Өмнөговь, Төв, Баянхонгор, Баян-Өлгий аймаг мөн Нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн 2100 гаруй төлөөлөгчдийг чадавхижуулах сургалтыг амжилттай зохион байгуулсан юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Сэтгэгдлүүд