Монгол, Оросын Дотоод хэргийн яамдын хамтын ажиллагааны хэлэлцээрийг шинэчлэн байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-09-28 17:45:34

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт ОХУ-ын Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Дотоод хэргийн орлогч сайд Зубов Игорь Николаевичийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Монгол Улсын ХЗДХЯ болон ОХУ-ын Дотоод хэргийн яамны Хилийн бүсийн хамтын ажиллагааны асуудлаарх хамтарсан ажлын хэсгийн хуралдаан амжилттай болсонд баяр хүргээд, хил орчмын бүс нутагт гэмт хэргийн гаралтыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх асуудал хууль эрх зүйн салбарын хамтын ажиллагаанд түлхэц үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн хоёр талын ажлын хэсгийн хуралдааныг жил бүр зохион байгуулж байхаар шийдвэрлэснийг сайшаан дэмжиж байна гэлээ.

Монгол Улсын ХЗДХЯ, ОХУ-ын Дотоод Хэргийн яамны тухайд 2001 онд хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан түүхтэй. Тэгвэл ажлын хэсгийн хуралдааны үеэр хамтын ажиллагааны энэхүү хэлэлцээрийг шинэчлэх, цар хүрээг нэмэгдүүлэх талаар санал солилцож, 2017-2020 онд талууд хамтран ажиллах хөтөлбөр боловсруулж байгааг сайд онцоллоо. Тэрбээр мөн гадаадад мэргэжил эзэмшсэн хууль сахиулагчдын бараг 80 орчим хувийг ОХУ-д бэлдэж ирснийг тэмдэглээд өнөөдөр тэд албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгааг танилцуулсан юм. Цаашдаа ОХУ-ын Дотоод хэргийн яамны шугмаар сургах оюутны тоог нэмэгдүүлэх, харилцан сургалт дадлага хийх, туршлага солилцох боломжийн талаар ярилцав.

ОХУ-ын Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Дотоод хэргийн орлогч сайд Зубов Игорь Николаевич хоёр талын ажлын хэсгийн хуралдаан зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн үр дүнтэй хуралдаан болсныг дуулгав. Мөн ОХУ-ын Дотоод хэргийн сайдын мэндчилгээг гардууллаа. Тэрбээр МУ-ын хууль сахиулах байгууллагын бүтэц тогтолцооны талаар ихээхэн судалж сонирхож буйгаа онцлов. Иргэний яаманд ийм олон хууль сахиулах, хүчний байгууллагууд төвлөрсөн нь тун зөв туршлага болж байгааг тэрбээр тэмдэглээд үүрэг хариуцлагын давхардалгүй, ажлын уялдаа холбоог хангасан зөв загвар гэж харж байна гэлээ.

Уулзалтын үеэр талууд хоёр талын хамтын ажиллагааны хэлэлцээрийг шинэчлэхийн тулд богино хугацаанд тус тусын саналаа боловсруулж танилцуулахаар тогтлоо. Мөн хоёр улсын хил орчмын хувьд шийдвэрлэж болохооргүй тийм хүндрэлтэй асуудал огт байхгүй гэдэг дээр санал нэгдсэн юм. Мөнгө угаах, хар тамхи, малын болон автомашины хулгайн гэмт хэргүүдтэй хамтран тэмцэх, мэдээлэл солилцох тал дээр талууд цаашид хамтран ажиллахаар болов. 

Н.Туяа

Холбоотой мэдээ