“School police”-ийн шаардлагыг зөрчвөл хоёр оноо хасаж, 20 нэгжээр торгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. "School Police" буюу эцэг, эхчүүдийн сургуулийн эргүүлийн үйл ажиллагаа сэдэвт хэлэлцүүлгийг Нийслэлийн иргэний танхимд өнөөдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт нийслэлийн ЕБС-ийн 120 нийгмийн ажилтан болон 160 эцэг эх, сурагч оролцож “эцэг эхийн эргүүл”-ийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар санал бодлоо солилцсон юм.
Нийслэлд төр болон хувийн хэвшлийн сургуулиудад өдөрт 1400, сард 28 мянга, жилийн хугацаанд нийт 336 мянган эцэг эх эргүүл хийж байна. Сургуулийн эцэг, эхчүүдийн эргүүл гарснаас хойш сургууль орчимд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчил 60 хувиар буурсныг хэлэлцүүлгийн үеэр албаныхан онцолж байлаа.
Энэ үеэр тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамираас дараах мэдээллийг тодруулав.
-“School
police” хэрэгжүүлж эхэлснээс
хойш зам тээврийн ослын дуудлага мэдээлэл буурсныг албаныхан тодотгож байна. Энэ тухайд?
-“School police” үйл ажиллагааг 2013 оноос хойш 11 жилийн хугацаанд хэрэгжүүлж байна. Цагдаагийн байгууллагад эцэг эхийн эргүүл буюу “School police” хамгийн их дэмжлэг туслалцаа үзүүлдэг. “School police” сургууль орчимд эргүүл гүйцэтгэснээс хойш зам тээврийн осолд хүүхэд бүртгэгдэх тохиолдлын тоо 80-90 хувь орчим буурсан. “School police” хүүхдийг гарцаар гарах хэсэгт маш их дэмжлэг үзүүлж байгаа. Цагдаагийн байгууллага “School police”-ийн шаардлагыг эсэргүүцсэн, дүрэм зөрчсөн жолооч нарт цахимаар болон иргэдээс ирж буй гомдол мэдээллийн дагуу арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна. Иргэд “Сургууль орчимд хүний төлөө, Монголын ирээдүй болсон энхрий бяцхан үрсийн төлөө энэ хүн зогсож байгаа” гэдгийг ойлгож, дэмждэг болсон. Замын цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлдэг болсон байна.
-Эргүүл хийж
буй эцэг эхчүүд жолооч нарыг хэдхэн минут хүлээдэггүй гэж шүүмжилдэг. Энэхүү
шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тухайн жолоочид цагдаагийн байгууллага ямар
хариуцлага тооцдог вэ?
-“School police”-ийн хувьд сургууль орчмын явган хүний гарцан дээр үүрэг гүйцэтгэдэг. Иргэд, эцэг эхчүүдээс ирж буй гомдол мэдээллээр, явган зорчигч ногоон гэрлээр гарч байхад зам тавьж өгдөггүй, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалтыг зөрчдөг. Ийм зөрчил гаргасан жолоочийг Зөрчлийн тухай хуулийн 14.7-ийн 38 дахь заалтын дагуу 20 нэгжээр торгож, зөрчлийн 2 оноо хасдаг. Иргэд та бүхэн “School police”-ийн шаардлагыг хэрвээ зөрчвөл хоёр оноо хасаж, 20 нэгжээр торгоно.
-Сургуулийн
орчимд хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор камер суурилуулах боломж
бий болов уу?
-Үүрэг гүйцэтгэж байгаа эцэг эхчүүдэд энгэрийн камерыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилгоор Монголын сурагчдын холбоо болон холбогдох ТББ-тай ярилцаж байгаа. Энэ бол хэрэгжих бүрэн боломжтой.
-“School
police”-ийг гадны улс оронд
хэрхэн явуулдаг бол?
-Гадаадын улсуудад “School police”-д зөвхөн эцэг эх төдийгүй сайн дурын олон нийтийн ажилтан сургууль орчмын бүсэд үүрэг үйцэтгэдэг. Сургууль орчмын бүс нь бүрэн камержсан байдаг. Манай улсад 3.5 зогс гэсэн тэмдгийн заалт бий. Олон улсад заавал зогс гэсэн хэвтээ тэмдэглэгээ байдаг. Венийн болон Женевийн конвенцод нэгдсэн улс орнууд хүүхдийн хөдөлгөөн ихтэй сургуулийн орчимд “stop” тэмдэгтэй замд жолооч заавал зогсоод хөдөлдөг. Монгол Улсад сургууль орчмын бүсэд шаардагдах аян өрнүүлж байна. Сургуулийн автобус хэрэгжээд эхэлсэн. Замын хөдөлгөөний дүрэмд заасан 3.5 тэмдэг хараад жолооч заавал зогсоод хөдлөх хэрэгтэй. Үүнийг хэвшүүлэх хэрэгтэй байна. Нийслэлийн хэмжээнд 300 орчим сургуулийн орчимд замын хөдөлгөөний аюулгүй байдалд зохицуулалт хийж гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэгээг үе шаттай хийж байна.
2024 оны нийт 57 эцэг эхийн эргүүлийн үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлт ирснээс зөрчил дутагдлын 80 хувь нь эцэг эхийн эргүүл зогс тэмдэг өргөх үед автомашин болон явган зорчигч зогсохгүйгээс болоод эрсдэл үүсэж байгаа аж.
Цаашид эцэг эхийн
эргүүлийн зогс тэмдэглэгээг зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох, зөрчил
дутагдлыг мэдээлэх тогтолцоог бүрдүүлнэ гэдгийг албаны хүмүүс хэлж байлаа. Мөн
сургуулийн ойр орчимд электрон тамхи болон ширхэгийн тамхи зарж байгаа зөрчил
ажиглагддаг. Иймд сургуулийн ойр орчимд гарч байгаа зөрчил дутагдлын
талаарх мэдээллийг Монголын сурагчдын холбооны дэргэдэх “School police” эцэг эхийн эргүүлийн төвийн пэйж хуудасны
чатаар болон 88530281 утсаар холбогдож мэдээлэл өгөх боломжтой аж.