НАТО-гийн дээд хэмжээний уулзалт Вашингтонд эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-07-09 10:39:35

ВАШИНГТОН, 2024 оны долоодугаар сарын 9 /VOA/. НАТО-гийн 75 жилийн ойд зориулсан дээд хэмжээний уулзалт Вашингтон хотноо энэ сарын 9-11-ний өдрүүдэд болох гэж байна. 


Уулзалтаар ямар сэдвүүдийг голчлон хэлэлцэх вэ?


Уулзалтад оролцогчид дэлхий дахинд учирч буй аюул заналын эсрэг авах хариу арга хэмжээ, Номхон далайн бүс нутгийн орнууд болон Европын Холбоо зэрэг олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, түүнчлэн Украинд дэмжлэг үзүүлэх асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.


"Вашингтоны дээд хэмжээний уулзалтаар бид Украины дэмжих тал дээр, мөн ард түмэн, үнэт зүйлсээ хамгаалах тал дээр НАТО нэгдмэл байгаа гэдгийг дахин илтгэн харуулах болно" гэж Умард Атлантын эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Вашингтон хот дахь Вудро Вильсоны нэрэмжит төвд зургаадугаар сарын 17-нд үг хэлэхдээ мэдэгджээ. 


АНУ-ын нийслэл хотод уулзалтыг зохион байгуулж буйн учир


1949 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Вашингтонд АНУ, Канад, Их Британи, Нидерланд, Исланд, Норвег, Португал, Франц, Итали, Бельги, Дани, Люксембург гэсэн 12 улс НАТО-г үүсгэн байгуулах тухай баримт бичиг болох Умард Атлантын гэрээнд гарын үсэг зурсан юм.


АНУ-ын нутаг дэвсгэрт эвслийн дээд хэмжээний уулзалтыг дөрөв дэх удаагаа зохион байгуулах гэж байна. Өнгөрсөн хугацаанд тус уулзалтыг Вашингтон, мөн Чикаго хотноо хоёр удаа зохион байгуулжээ.


Дээд хэмжээний уулзалтад хэн хэн оролцох вэ?


Умард Атлантын эвслийн 32 гишүүн орны төрийн тэргүүн нараас гадна: 

  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский
  • Европын Зөвлөлийн дарга Шарль Мишель
  • Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен
  • Японы Ерөнхий сайд Кишида Фүмио
  • Шинэ Зеландын Ерөнхий сайд Кристофер Лаксон 
  • БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль нар оролцоно. 

Энэ удаагийн саммит нь Швед улсын хувьд НАТО-гийн гишүүн орны хувиар оролцох анхны уулзалт болно. Түүнчлэн эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергийн хувьд сүүлчийн дээд хэмжээний уулзалт болох юм. Тэрбээр 10 дугаар сарын 1-нд Нидерландын Ерөнхий сайд асан Марк Рюттед халаагаа өгнө. 


Өнгөрсөн удаагийн дээд хэмжээний уулзалтаар ямар асуудлаар тохиролцсон бэ?


Литва улсын нийслэл Вильнюс хотноо болсон өнгөрсөн оны НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр тус холбооны гишүүн орнууд 

  • Цэргийн зардлыг нэмэгдүүлж, эвслийн зүүн жигүүрийн батлан хамгаалах хүчийг бэхжүүлэх
  • Украинд үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх
  • Кибер аюулгүй байдлыг хангах болон хосолмол аюул заналтай тэмцэх шинэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тохиролцжээ. 

Вашингтонд болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаас ямар шийдвэр гарах вэ?


Дээд хэмжээний уулзалтаар кибер аюулгүй байдал, хосолмол аюулын эсрэг шинэ санаачилгууд, Орос, Хятад, Умард Солонгос, Иран улсуудын зүгээс учирч буй аюултай холбогдуулан НАТО-гийн гишүүн бүх улсын хамгаалалтыг бэхжүүлэх арга хэмжээг батлах төлөвтэй байна.


Мөн Украинд санхүүгийн болон цэргийн тусламж үзүүлэх тухай мэдэгдэл гаргана. Энэ тухай Йенс Столтенберг ABC News-т долоодугаар сарын 7-ны ням гарагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.


Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч долоодугаар сарын 5-ны баасан гарагт мэдэгдсэнээр бол, дээд хэмжээний уулзалтын үеэр "өөрийгөө хамгаалж, цааш Оросыг тогтоон барихад" нь Украинд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх үүднээс тус улсын агаарын довтолгооноос хамгаалах болон цэргийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн шинэ алхмуудыг танилцуулна. 



Холбоотой мэдээ