У.Сүрэнжав: Олимпын алтан медаль хүртэх гэж өдөр бүр бэлтгэлээ хийсэн
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. “Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадмын таеквондогийн төрөлд алтан медаль хүртсэн У.Сүрэнжав, мөнгөн медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ олон тэдний дасгалжуулагч нарыг Монголын Таеквондогийн холбоо хүлээн авч, хүндэтгэл илэрхийллээ.
Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасангийн удирдлага дор өрсөлдсөн тамирчдын амжилтаар Монголын таеквондогийн баг “Парис-2024” паралимпын наадмын таеквондогийн шилдэг 10 багийн дөрөвт жагссан юм. Тэд паралимпын наадмын таеквондогийн Монголын багийн анхдагч амжилтын эзэд болсон билээ.
Олимпын алтан медальт У.Сүрэнжав: Парисын тэнгэрт төрийнхөө далбааг мандуулсандаа маш их баярлаж, өөрөөрөө бахархсан. Монгол Улсын анхны эмэгтэй олимпын медаль хүртсэн тамирчин гэж сонсоод өөрөөрөө их бахархсан. Олимпын алтан медаль хүртэх гэж л өдөр бүр бэлтгэлээ хийсэн. Дэвжээнд гарахаасаа өмнө багштайгаа ярилцаж сэтгэлзүйгээ сайн бэлдэж, маш тайван байсан. Цаашид “Лос-Анжелес-2028” Олимпт оролцох зорилготой байна. Таеквондогийн спортод үнэхээр дуртай болохоор тууштай хичээж энэ амжилтад хүрлээ.
Дэвжээнд гарахаасаа өмнө багштайгаа маш сайн ярилцаж байгаад гарсан болохоор сэтгэл зүйн хувьд тайван байсан. Спортын анагаах ухааны эрдэм шинжилгээний төвөөс бидний бэлтгэлийн төлөвлөгөөг гаргасны дагуу өдөр бүр бэлтгэл сургуулилтаа хийдэг байсан.
Олимпын мөнгөн медальт МУГТ Г.Болор-Эрдэнэ: Монголчууддаа
маш их баярлалаа, эх орондоо ирээд аз жаргалтай, сайхан байна. Паралимпийн
наадмаас энэ удаа медаль авна гэсэн найдлагатай бөгөөд өөртөө итгэлтэй явсан. Медаль
авах мөчид миний туулсан 16 жилийн хөдөлмөр нүдний урдуур жирсхийж өнгөрсөн. Паралимпийн
наадамд ирж хүсэл зорилгоо биелүүлэхэд сайхан байсан. Ард түмэн маань үзэж байгаа,
нутаг ус түшиж байгаа гээд сэтгэл зүй маш сайн байсан. Өмнөх өдөр нь У.Сүрэнжав
дүү маань алтан медаль хүртэхэд урамшаад дахиад алтан медаль авч түүх бүтээж
болох юм байна гээд өглөө нь бэлгэшээгээд гарсан. Тэр өдөр шийдсэн тоглолт
хийсэн.
Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар: Энэ
удаагийн наадамд Үндэсний шигшээ багийн улсын хороо дэмжин, спортыг дэмжих
сэтгэл зүй, хоол зүйч, эмнэлэг хяналт, массажист, бэлтгэл төлөвлөлт гээд дөрвөн
баг ажилласны үндсэн дээр энэхүү амжилтад хүрлээ. Арын албаны баг нягт
уялдаатай ажилласан. Олимпын үед ч гэлтгүй цаашид бэлтгэлийн орчин нөхцөл, бааз
нэг дор байх юм бол олон аваргууд төрөх, монгол хүүхдүүдэд бүрэн боломж байгаа
гэж үзэж байна.
Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Батнасан: Манай хоёр тамирчны хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд 10 гаруй тэмцээний 90 хувьд финалын шатанд үлдэж байсан. Ерөнхийдөө алт, мөнгөн медаль хүртсээр байлаа. Тийм ч учраас олимпын наадмаас медаль хүртэх байх гэсэн итгэлтэй оролцсон. Манай улсын таеквондогийн 20 гаруй клубт 20 мянга гаруй хүн хичээллэдэг. Монголчууд энэ спортын онцлогийг бага ч гэсэн ойлгосон болов уу гэж бодож байна. Тамирчдаа дэвжээнд тулаан хийж байх явцад маш тайван байхыг байнга сануулж ажилласан. Тамирчид маань бэлдсэн тактикаа хэрэгжүүлсэн.
Түүнчлэн У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасангийн хамт бэлтгэл сургуулилтаа хийж байсан зааландаа өнөөдөр хүрэлцэн ирж Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт болон холбооны удирдлагууд, таеквондогийн залгамж халаа болох бяцхан тамирчдадаа хүндэтгэл илэрхийлсэн юм.