Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг тэмдэглэх өндөр түвшний уулзалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-09-27 10:44:31

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Нью-Йорк хотноо энэ сарын 26-нд болсон Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг тэмдэглэх өндөр түвшний уулзалтад Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр оролцож, үг хэлэв.


Байнгын төлөөлөгч хэлсэн үгэндээ Монгол Улс олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах олон улсын хүч чармайлтыг тууштай дэмжиж ирснийг тэмдэглээд, Нью-Йорк хотноо энэ сарын 22-23-ны өдрүүдэд болсон Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалтаар баталсан “Ирээдүйн төлөө гэрээ” баримт бичигт зэвсэг хураах, үл дэлгэрүүлэх, цөмийн зэвсгийг бүрэн устгах чиглэлээр тусгасан заалтууд нь олон улсын хүч чармайлтын нэг илрэл болж буйг онцлов.


Энэ удаагийн өндөр түвшний уулзалтад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы дарга Филемон Янг болон НҮБ-ын 100 гаруй гишүүн улсын төлөөлөгчид оролцож, байр сууриа илэрхийлэв. Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг 2014 оноос жил бүрийн есдүгээр сарын 26-нд тэмдэглэдэг бөгөөд тус өдөр нь хүн төрөлхтөнд цөмийн зэвсгийн учруулж буй аюул занал, цөмийн зэвсгийг бүрэн устгах зайлшгүй шаардлагыг олон нийтэд таниулах зорилготойгоор тэмдэглэдэг өдөр юм.

 

 

 

 

Холбоотой мэдээ