Японы эрх баригч намын даргын сонгууль өнөөдөр болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-09-27 11:35:50

ТОКИО, 2024 оны есдүгээр сарын 27 /Kyodo/. Японы эрх баригч Либерал Ардчилсан намын /ЛАН/ дарга, Ерөнхий сайд Фүмио Кишидагийн халааг авах хүнийг өнөөдөр сонгоно. Санхүүжилтийн дуулианы улмаас алдарч буй сонгогчдын итгэлийг сэргээхийг ЛАН эрмэлзэж буй энэ үед түүхэнд хамгийн олон нэр дэвшигч сонгуульд өрсөлдөж байна.


Батлан ​​хамгаалахын сайд асан Шигэрү Ишиба, ЛАН-ын хамгийн залуу нэр дэвшигч Шинжиро Коизүми, Эдийн засгийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн сайд Санаэ Такаичи нар бусад зургаан өрсөлдөгчөөс илүүрхэж байгааг “Kyodo News агентлагийн явуулсан санал асуулгын дүн харуулжээ.


Гэхдээ тэдний хэн нь ч эхний шатны санал хураалтаар шууд олонхын санал авна гэсэн баталгаа байхгүй. ЛАН-ын даргаар хэн ч томилогдсон гэлээ бүх нийтийн ээлжит бус сонгуулийн өмнө сонгогчдын намд итгэх итгэлийг сэргээх сорилттой тулгарах юм.


Эдийн засгийн өсөлт тогтворгүй байгаагаас гадна Хятад, Умард Солонгос, Оросын өдөөн хатгасан үйлдлүүд Японы аюулгүй байдалд заналхийлсээр байгаа тул нэр дэвшигчдийн ур чадвар мөн чухал ач холбогдолтой юм.


Гол сөрөг хүчин болох Үндсэн хуулийн ардчилсан нам даваа гарагт Ерөнхий сайд асан Ёшихико Нодаг даргаараа сонгосноос хэдхэн хоногийн дараа энэхүү санал хураалт явагдаж байна. Ё.Нода 2011-2012 онд Ерөнхий сайдын албыг хашиж байжээ.


ЛАН-ын даргын сонгуульд намаа шинэчлэх амлалт өгч буй есөн нэр дэвшигч нийт 736 саналын төлөө өрсөлдөж байгаа бөгөөд хууль тогтоогчдоос 368, намын гишүүдээс 368 санал авах юм.


Хэрэв эхний шатанд нэр дэвшигчдийн хэн ч олонхын санал авахгүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч тухайн өдрөө хоёр дахь шатанд өрсөлдөнө.

 


Холбоотой мэдээ