Уул уурхайн орлогын хүртээмжтэй хуваарилалт нь ханган нийлүүлэлт юм

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-10-02 16:24:52

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 2. /МОНЦАМЭ/. Уул уурхайн “Mining Week & MinePro-2024” олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалт нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэр Тайж хайрханы бэлд өнөөдөр эхэллээ.



Энэ үйл ажиллагаа нь уул уурхай, эрдэс баялгийн салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлон хэлэлцэж, ил тод, нээлттэй байдлыг ханган, олон талт оролцоог ханган дэмжих зорилготой, “Холбогд, хамтар, үнэ цэнийг бүтээе” уриан дор болж буйг чуулга уулзалтын гол зохион байгуулагч, Монголын Уул уурхайн Үндэсний ассоциацын зөвлөлийн дарга Г.Батцэнгэл хэллээ.




Чуулга уулзалт, үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан оролцож үг хэлсэн юм. Тэрбээр, уул уурхайн салбар улс орны эдийн засгийн гол хөдөлгөгч хүч бөгөөд гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг татахаас гадна нийт экспортын 90 гаруй хувь, ДНБ-ний 30 орчим хувийг бүрдүүлж буйгаараа чухал ач холбогдолтой салбар юм. Дээрх тоон үзүүлэлт нь салбарын хувьд сайн талтай ч үүний ард төвлөрлийн эрсдэл байгааг мартаж болохгүй гэв.


Тухайлбал, нийт экспортын 60 орчим хувийг нүүрс эзэлж байна. Олон талтай эдийн засагтай болох зорилтыг үе үеийн Засгийн газар тавьж ирсэн. Шинээр бүрэлдсэн, хамтарсан Засгийн газарт эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулахгүй байх, эдийн засгаа солонгоруулж, олон тулгуурт болох зорилготой алхам хийх орчин нөхцөл бүрдээд буйг онцлон хэллээ. Энэ нь уул уурхайн салбарын бүтцэд хамаатай юм гэдгийг тодотгож байв.


Уул уурхайн орлогыг хүртээмжтэй хуваарилдаг тогтолцоо нь ханган нийлүүлэлт юм.




Чуулга уулзалт нь уул уурхай, эрдэс баялгийн салбарын оролцогч талуудыг холбох, ханган нийлүүлэлтийн сүлжээг өргөтгөх бас нэг зорилготой болж байна. Энэ талаар чуулга уулзалтад оролцогч “Майнекс Монголиа” компанийн ерөнхий захирал Т.Баттулга, "Уул уурхайн орлогыг иргэд, ААН-үүдэд жинхэнэ утгаар нь хүртээмжтэй хуваарилдаг тогтолцоо бол ханган нийлүүлэлт. Энэ тогтолцоог илүү боловсронгуй болгох, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Mongolia Mining үзэсгэлэнг зохион байгуулж ирсэн”-ийг онцолж байна. 



Чуулга уулзалтын эхний өдөр УИХ-ын гишүүн Т.Доржханд эрдэс баялгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн чиг хандлага, эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар илтгэл тавьж танилцуулав.




Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, АМГТГ, Уул уурхайн Үндэсний ассоциац хамтран 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа "Уул уурхайн долоо хоног"-т төр, хувийн хувшил, иргэний нийгэм, орон нутгийн болон банк санхүүгийн төлөөлөл, манай улсад суугаа гадаад орнуудын Элчин сайд нар оролцож байна. Чуулга уулзалт нь үзэсгэлэн танилцуулга зэрэг цогц хэлбэрээр 4 өдөр үргэлжлэх юм.





Холбоотой мэдээ