БАЯНХОНГОР: 385 гр жинтэй шүрэн хөөрөг аймгийн музейн онцлох үзмэрийн нэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2024 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн аварга жолооч н.Пүрэвдагва гэж хүний эдэлж байсан сийлбэртэй шүрэн хөөрөг бол аймгийн музейн онцлох үзмэрийн нэг.
Энэхүү хөөрөг нь нэлээд ховор үзмэрт орохын учир нь, шүр Монголд ургадаггүйн дээр ийм том хэмжээтэй олддоггүйтэй холбоотой. Тус хөөргийн хажуу бөөрөн дээр ямар нэг амьтан дүрсэлсэн мэт харагддаг нь бас содон. Хэзээ, хаана, хэрхэн урласан болох нь тодорхойгүй эл хөөрөг хэмжээ, хийцээрээ аймгийн музейд хадгалагдаж буй хөөргүүдээс эрхгүй ялгардаг.
Хөөргийг бүтээсэн он цаг: XX зууны эхэн үе
Материал: Шүр, хув, яс, гууль, сийлбэр
Хэмжээ: 11х7.2 см, 385 гр
Шүрийг зөнч мэргэдийн сахиусан чулуу гэх бөгөөд атаа жөтөө, хар хорын сэтгэлийг зайлуулж, муу бүхнээс хамгаалдаг гэж үздэг. Аянга цахилгааныг зайлуулдаг, ой тогтоолтыг сайжруулдаг, шарх сорви, ярыг эдгээн, хоолойн өвчнийг анагааж, хордлого тайлдаг тустай. Төдийгүй төрөх гэж буй эх цагаан шүрэн хөөргийг алганы хээгээр үрэхэд хүндрэлгүй төрдөг гэх яриа ч бий. Тиймээс хөөрөг дотроос шүрэн хөөрөг хамгийн үнэтэй нь бөгөөд шүр нь баяр баясгалан бэлэглэх бэлгэдэлтэй байдаг байна.
Хөөрөг бол монголчуудын зан үйлийг илэрхийлдэг нэг гол гоёл. Монголчууд уламжлалт ёсоороо мэндлэхдээ хөөргөөр тамхилдаг эртний заншилтай. Тэр бүр хөөрөг хэрэглэхээ больсон суурин газрынхан өдгөө сар шинийн баяраар хөөргийг хүндэтгэн хэрэглэж, бие биетэйгээ амар мэнд мэддэг болжээ.