“Тунгалаг буянт” дууг Ардын жүжигчин Б.Зангад анх дуулсны 70 жил ойг тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2024-10-26 17:09:36

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Зангад түмний дуулах дуртай “Тунгалаг буянт” дууг анх дуулж, олны хүртээл болгосноос хойш 70 жил өнгөрчээ.


Энэхүү 70 жилийн ойн хүндэтгэлийн уулзалт тоглолт өнөөдөр Улсын филармонид боллоо. Энэ үеэр мөн Б.Зангад дуучны уран бүтээл, намтрын “Ая дуу, айзам, эгшгийн ноён сүмбэр оргил” номын нээлт болсон юм.

Ойн тоглолт, үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс Ардын жүжигчинд дэвшүүлсэн мэндчилгээг хүргэн хүндэтгэл үзүүлэн дурсгалын зүйл гардууллаа.




Ч.Балдан үгийг бичиж, Д.Лхашид аяыг зохиосон “Тунгалаг буянт” дууг анх 1954 онд Улаанбаатар хотод болсон Ховд аймгийн соёлын өдрүүд (декад)-ээр анх дуулж түмний хүртээл болгосноос хойш олны дуулах дуртай, хүлээн зөвшөөрөгдсөн мөнхийн бүтээл болсныг Б.Зангад дуучин дурсав. 

Тухайн үед дуучин маань Ховд аймгийн дунд сургуулийн 8 дугаар ангийн сурагч байсан бөгөөд соёлын өдрүүдийн үед нутгийн уран бүтээлчдийн бүтээлийг түлхүү эгшиглүүлж байсны нэг нь “Тунгалаг буянт” дуу байжээ. 


“Намайг концертод дуулах үүрэг даалгаврыг миний багш, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Д.Лувсаншарав, Монголын урлагийн нэрт төлөөлөгч, Төрийн шагналт, зохиолч Л.Ванган хоёр өгч байсан юм” хэмээн Б.Зангад гуай дурсаж сууна.  





Холбоотой мэдээ