БАЯН-ӨЛГИЙ: ХЭҮК-ын ажлын баг Баян-Өлгий аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-10-27 16:26:37

Өлгий, 2024 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяагаар ахлуулсан ажлын баг Баян-Өлгий аймагт энэ сарын 23-25-ны өдрүүдэд ажиллалаа.


Ажлын багийн бүрэлдэхүүнд ХЭҮК-ын Олон талт хамтын ажиллагааны тасгийн дарга Ө.Ундрах, Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн референт Л.Болдхүү, Завхан аймаг дахь референт Ч.Наранхүү, Ховд аймаг дахь референт М.Өнөрмаа, Баян-Өлгий аймаг дахь референт Л.Уранчимэг, Увс аймаг дахь референт Я.Хонгорзул, Говь-Алтай аймаг дахь референт Б.Золжаргал болон Австралийн Маккуари их сургуулийн судлаач, “Хүний эрх ба технологи” олон нийтийн нээлттэй хяналт шалгалтын олон улсын зөвлөх Кристоф Сперфельдт, Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн Б.Ардак нар багтсан байна.


Ажлын баг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Хавал, Засаг дарга А.Камелият, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Ө.Танат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, дэд хурандаа М.Баттулга болон Зэвсэгт хүчний 340 дугаар анги, Хилийн цэргийн 0165 дугаар ангийн төлөөлөл, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, "Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөрлөгийн үйл ажиллагаа, “Хүний эрх ба технологи” хүний эрхийн нээлттэй хяналт шалгалтын талаар мэдээлэл өгөв.


Мөн цахим гавын хэрэглээ, гудамж, талбай, нийтийн эзэмшлийн газарт суурилуулсан хяналтын камерын ашиглалт, хэрэглээнд учирч болох хүний эрхийн эрсдэлийн асуудлаар аймгийн Цагдаагийн газрын телекамерын дэд төвийн үйл ажиллагаатай танилцав. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хэрэгжүүлж байгаа зорчих эрх хязгаарлах ялын хэрэгжилт, түүнд тулгамдаж байгаа асуудал, Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, хадгалах, ашиглах үйл явц, Төрийн цахим үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцан зөвлөгөө өглөө.


Уулзалтын дараа ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа "ХЭҮК-ын бодлого үйл ажиллагаа бүтцийн өөрчлөлт" сэдвээр,  Олон талт хамтын ажиллагааны тасгийн дарга Ө.Ундрах "ХЭҮК-ын мандат, чиг үүрэг", Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн Б.Ардак "Боловсролын багц хууль", "Хүүхэд хамгааллын тухай хуулийн талаар",  Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн референт Л.Болдхүү "Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн зохицуулалт" сэдвээр тус тус мэдээлэл хийв.  

Холбоотой мэдээ