“Алтанширээт” үйлдвэрлэл, технологийн паркийн гаалийн болон НӨАТ-ын төлөх хугацааг сунгах боломж бүрдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2024-10-28 15:37:06

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. “Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн дагуу Хүнд үйлдвэрийн чиглэлээр үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх, паркийн удирдлага, нэгжид төрөөс үзүүлэх татварын болон татварын бус дэмжлэгийг үзүүлэх эрх зүйн орчныг бий болгосон.


“Алтанширээт” үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхэлж буй “Инфинити спейс” ХХК-тай Засгийн Газрын 2023 оны 337 дугаар тогтоолоор баталсан “Татвар төлөх хугацааг сунгах, хэсэгчлэн төлүүлэх, татвараас чөлөөлөх журам”-ын дагуу Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар Татвар төлөх хугацаа сунгах, хэсэгчлэн төлүүлэх ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ-г 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгууллаа.


Гэрээг байгуулснаар паркийн удирдлага, нэгжийн үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулж байгаа барилгын материал, дэд бүтэц, тоног төхөөрөмжийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг 4 жилээр сунгаж, татвар төлөх хугацааг сунгасан хугацаанд үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгж өөрийн үндсэн хөрөнгөд бүртгэж үндсэн үйл ажиллагаандаа ашигласан барилгын материал, дэд бүтэц, тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх боломж бүрдэж байгаа нь хүнд үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагуудад төрөөс үзүүлж буй санхүүгийн бодит дэмжлэг болж байна.

Холбоотой мэдээ