Өсвөрийн даамчид багийн дүнгээр түрүүлж, алтан цом хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-11-04 11:01:28

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Польшийн Шклярска-Поремба хотод 100 буудалт даамын өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.


Тус тэмцээнд 25 орны 300 гаруй тамирчин 10 насны ангилалд өрсөлдөв. Манай улсаас таван насны ангилалд 23 тамирчин өрсөлдөж, багийн дүнгээр тэргүүлэн үнэмлэхүй амжилт үзүүллээ. Монголын даамчид стандарт төрөлд дөрвөн алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэнээр багийн дүнгээр алтан цомын эзэн болж, гурав дахь жилдээ дараалан аваргалсан.


Тэгвэл рапид буюу түргэвчилсэн тоглолтоос гурван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр III байр эзэлжээ. Харин блиц буюу түргэн тоглолтод таван алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүлснээр алтан цомын эзэн болов.


ДАШТ-ий техникийн шүүгчээр их мастер Б.Мишээл ажилласан бөгөөд тэрбээр насанд хүрэгчдийн ААШТ-д түрүүлж, өсвөр, залуучуудын ДАШТ-ээс найман медаль хүртсэн байна. 



Холбоотой мэдээ