ӨВӨРХАНГАЙ: Аймгийн Засаг дарга иргэдэд мэдээллийг ил тод байлгахыг даалгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-11-04 20:56:25

Арвайхээр, 2024 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/.  Аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж 11 дүгээр сарын 1-ний өдөр тамга тэмдгээ гардан авч, албан ажилдаа орсон. Тэрбээр өнөөдөр хэлтэс, албадын дарга нартай шуурхай хурал хийж, цаашид анхаарч ажиллах асуудлаар үүрэг чиглэл өглөө.


Тухайлбал, “Аймгийн хэлтэс, агентлагийн дарга нар төрд олон жил ажилласан, дадлага туршлагатай хүмүүс. Гэвч нэг салбарт хэт удахаараа шинэ ажил санаачилдаггүй, урсгалаараа явдаг, иргэддээ ил тод биш хаалттай, ингээд явж байхад болно доо гэсэн хандлагатай байна” хэмээн онцолж,  цаашид энэ тал дээр анхаарч ажиллахыг хүссэн юм.


Иргэд ил тод мэдээллээр хангагдаагүйн улмаас төрдөө итгэх итгэл суларч, ямар ч асуудалд хардлага сэрдлэгээр хандаж байгаа учраас төрийн худалдан авах ажиллагаа, ажлын байрны сонгон шалгаруулалт, газар өмчлүүлэх, эзэмшүүлэх шийдвэр, бүх төрлийн зээлийн сангаас олгогдож буй хөнгөлөлттэй зээл, тусламжийн мэдээллийг “шилэн” байлгаж, иргэдээсээ юу ч нуухгүй байхыг сум, хэлтэс, агентлагийн дарга нарт даалгалаа. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд зарим үүрэг даалгаврыг өгөв. 

Холбоотой мэдээ