Шингэрүүлсэн шатдаг хий хадгалах сав нь ил байрладаг станцуудыг шалгаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Автомашиныг хийгээр цэнэглэх ил савтай станцуудад нийслэлийн Хяналт шалгалтын газраас урьдчилан сэргийлэх шалгалт хийж байна.
Нийслэлд автомашин хийгээр цэнэглэх 57 станц үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 33
нь буюу 57 хувийнх нь шингэрүүлсэн шатдаг хий хадгалах сав ил байрладаг байна.
Тиймээс тухайн савыг далд байрлуулж, техникийн аюулгүй байдлыг бүрдүүлэхийг зорьж
байгаа юм.
НХШГ-ын Газрын тос, хийн хяналтын улсын ахлах байцаагч
Т.Мөнхболд, “Суурьшлын бүсэд
иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, осол аваараас урьдчилан сэргийлэхээр “Дашваанжил”, “Горгаз”,
“Юнигаз” компанийн цэнэглэх станцын байршил, үйл
ажиллагаа, савны ашиглалт, аюулгүй ажиллагааг шалгаж байна. Одоогоор мөрдөж
буй хий хангамжийн барилгын
норм дүрмийн дагуу хот сууринд 20 метр хүртэлх газарт ил сав байрлуулахыг
зөвшөөрсөн. Манай байгууллага
сургууль, цэцэрлэг, эмнэлэг,
олон нийтийн барилга байгууламж, орон сууцны хорооллын дэргэд шингэрүүлсэн
шатдаг хий хадгалах ил савтай үйл ажиллагаа явуулж буй станцуудын
савыг далд болгох саналыг оруулсан. Саналыг баталснаар тэдгээр цэнэглэх станцын
савны байршлыг өөрчилж, техникийн аюулгүй байдал сайжирна” хэмээснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.