БУЛГАН: Өвлөн бүтээх өнөө ирээдүй уриатай “Соёлын бүтээлч сар-2024” аян эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган, 2024 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Булган аймгийн хэмжээнд "Соёлын бүтээлч сар-2024" аяны хүрээнд нийт 133 үйл ажиллагааг зохион байгуулна.
Булган аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас урлаг соёлын тоглолт 16, үзэсгэлэн 16, боловсролын хөтөлбөр 12, хэлэлцүүлэг сургалт хурал 25, нөлөөллийн ажил 51, контент 13 тус тус зохион байгуулна.
"Соёлын бүтээлч сар” аян болон Монгол улсад орчин цагийн музей байгуулсны 100 жилийн ойн хүрээнд хэвлэгдэн гарч буй "Анхдагч алдартны өлгий нутгийн музей" номын нээлтээр эхлээд 11 хонож байна.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх, соёл урлаг, спортын олон талт үйл ажиллагаагаар дамжуулан иргэдийг соён гэгээрүүлэх, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, соёл, спорт, аялал жуулчлалын салбарын эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг дээшлүүлэх, зорилгоор “Соёлын бүтээлч сар” аяныг 2024 оны 11 дүгээр сарын 1-30-ны өдрүүдэд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Биеийн тамир, спортын Улсын хорооноос улс орон даяар зохион байгуулж байна.