Бүс нутгийн ачаа тээврийн урсгалыг нэмэх зорилтын дор тээврийн салбарынхан чуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-11-14 12:06:01

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. “Их Түмэн санаачилга” хөтөлбөрийн дагуу тээврийн зөвлөлийн 13 дугаар хурлыг зохион байгуулж, Монгол Улс, БНХАУ, ОХУ, БНСУ-ын тээврийн салбарынхан хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тухай мэдээлэл солилцож, туршлагаа хуваалцлаа.


Мөн ирэх жилүүдэд тээврийн салбарт хамтран хийх ажлын талаар санал солилцов. Хурлын үеэр “Их Түмэн санаачлагын тээврийн салбар дахь үйл ажиллагааны явц", "Тээврийн асуудлаарх  Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Их түмэн санаачлага 4 дүгээр  семинарын үр дүн, зөвлөмж", "2024-2025 онд хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагааны санал" сэдвийн дор гишүүн орнууд тээврийн салбарт хэрэгжүүлсэн ажлын үр дүн, хийх ажлаа хэлэлцлээ. Мөн зам, тээврийн салбарт одоо хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, тэдгээрийн явцыг танилцуулжээ.


“Их Түмэн санаачилга” хөтөлбөр буюу GTI нь 1995 онд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгээр байгуулсан Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм бөгөөд Монгол Улс, БНХАУ, ОХУ, БНСУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааны суурь болж, Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой. Тодруулбал, “Их Түмэн санаачилга” хөтөлбөрөөс гишүүн орнуудын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлон, тээврийн зөвлөлийг 2009 онд Улаанбаатар хотод болсон зөвлөх хорооны 10 дугаар хурлаар байгуулжээ. Тус зөвлөл нь “Бүсийн тээврийн коридорыг нээн хөгжүүлэх замаар бүс нутгийн тээврийн нэгдсэн сүлжээг бий болгох, бүс нутгийг тээврийн сүлжээгээр холбогдох боломжийг нэмэх, Зүүн хойд Ази дахь ачаа тээврийн урсгалыг нэмэх”-ийг зорьж байна. 


Тээврийн зөвлөлийн анхдугаар хурлыг БНСУ-д хийж байсан бол 5 дугаар хурлыг 2015 онд “Их Түмэн бүс нутгийн далай-хуурай замын холимог тээврийн хөгжүүлэх нь”, 9 дүгээр хурлыг 2019 онд “Тээврийн коридор: Зүүн хойд Азийн сорилт ба боломжууд” сэдвээр, 13 дугаар хурлыг Улаанбаатарт зохион байгууллаа.


Их Түмэн санаачлага бүсийн тээврийн стратеги, тээврийн үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг бүс нутагт тээврийн нэгдсэн сүлжээг бий болгох, хямд, үр өгөөжтэй тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх бодитой арга зам гэж үзэн жил бүр шинэчилдэг. 


Өнгөрсөн онд БНХАУ-д зохион байгуулсан хурлаар гишүүн улсууд, бусад хамтрагч байгууллагын 30 орчим төлөөлөгч оролцсон байна.

Тус хурлаар стратегийн үйл ажиллагааны 2023-2024 оны төлөвлөгөөнд Монгол Улсын талаас Чойбалсан - Эрээнцав чиглэлийн төмөр замыг сэргээн засварлах, Улаанбаатар - Өндөрхаан - Баруун Урт - Бичигтийн авто зам, Сайншанд - Баруун Урт - Хөөт - Бичигтийн төмөр замын чиглэлийг хөгжүүлэх, Монголын Зүүн бүс нутгийн нүүрсийг Зүүн хойд Азийн зах зээлд гаргах талаар тусгажээ.



Энэ удаагийн хуралд Монгол Улсын Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Их Түмэн санаачлагын Нарийн бичгийн дарга нарын газрын дарга  Лоуренс Хумюнг Ли, Ази Номхон далайн эдийн засаг нийгмийн комиссын Зүүн, Зүүн хойд Азийн салбар төвийн захирал  Б.Ганболд нараас бүрдсэн Монгол, Орос, Хятад улсын Зам тээврийн яамны удирдах албаны 20 гаруй зочин төлөөлөгч оролцсоныг ЗТЯ мэдээлжээ. 

Холбоотой мэдээ