ДАРХАН-УУЛ: Эрчим хүчний хоёрдогч эх үүсвэрийн талаар санал солилцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Ерэн-Өлзийгөөр ахлуулсан ажлын баг Дархан-Уул аймагт ажиллаж, эрчим хүч, дэд бүтцийн салбарын удирдлагуудтай уулзав. Уулзалтын зорилго нь эрчим хүчний хоёрдогч эх үүсвэр болон цаашид эрчим хүчээр хэрхэн найдвартай хангах талаар санал солилцов.
Тухайлбал, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад чухал үүрэг гүйцэтгэж буй Дархан хот нь хоёрдогч том суурин газар болж байна. Хот төлөвлөлтийн хүрээнд томоохон орон сууц хорооллууд барьж эхэлсэн, шилжин ирж байгаа иргэдийн тоогоор улсдаа тэргүүлж буй нь одоогийн эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болж байна.
Түүнчлэн дулаан хангамжийн систем сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж дулааны хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгааг Дарханы дулааны сүлжээ ТӨХК-ийн ерөнхий инженер Б.Хүрэлтогоо онцолж байна.
Нөгөөтээгүүр Дарханы дулааны цахилгаан станцын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа турбин генераторуудыг шинэчлэх ажлыг шат дараатай хийх, хэрэглэгчдийг стандартын шаардлага хангасан эрчим хүчээр найдвартай тасралтгүй хангах улсын байцаагчын дүгнэлт гарчээ.
Одоо ашиглаж байгаа турбин генератор 1,2,3,4 нь ашиглалтын 120.000 цаг
ажиллахаас 271.687-345.011 цаг буюу 2-3 дахин их цаг ажиллаж хэт элэгдэлд
оржээ. Тиймээс 2027-2034 он хүртэл суурин дээр нь ижил чадлын турбин генераторууд
суурилуулж солих ёстой гэж уулзалтын үеэр Дарханы дулааны цахилгаан станц
ТӨХК-ийн төлөөлөл мэдэгдлээ.
Дархан хот төвлөрсөн дулаан хангамжийн ганц эх үүсвэртэй тул цаашид өсөн нэмэгдэх хэрэглээг хангах зорилгоор хоёрдогч эх үүсвэрийг барих зайлшгүй шаардлага тулгарсан гэж эрчим хүч, дэд бүтцийн салбарын төлөөлөл онцолж байна.
Иймд Дархан хотод эрчим хүчний
хангамжийн хэрэгцээ шаардлагыг ойрын болон дунд хугацаанд хэрхэн хангах, ямар
бодлого төлөвлөлт барьж ажиллах, хоёр дахь эх үүсвэрийг барих эсэх талаар
ярилцахын зэрэгцээ, цаашид
эдийн засгийн өгөөжийг тооцож, бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд тусган, мэргэжлийн
заавар, зөвлөгөө, арга зүйгээр хангаж, хамтран ажиллахаар
талууд тохиролцлоо.