Үл хөдлөх хөрөнгө, газар, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн дуудлага худалдааг зах зээлээс 50 хувиар хямд үнээр эхлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-11-18 16:59:12

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Хөгжлийн банкны зээлийн өр төлбөр барагдуулах ажиллагааны хүрээнд энэ сарын 22-нд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан дуудлага худалдаа зохион байгуулна.


Үл хөдлөх хөрөнгө, газар, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл зэргийг борлуулах зорилготой тус албадан дуудлага худалдааг нээлттэй хэлбэрээр, үнэ хаялцуулан зохион байгуулах бөгөөд холбогдох хууль, журмын дагуу зах зээлийн үнээс 50 хувь хямдруулсан үнийн дүнгээс эхлүүлнэ.


Энэ удаагийн албадан дуудлага худалдаанд:

-Чингэлтэй дүүргийн VI хороонд байрлах 3780 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 4380 м.кв талбайтай үйлчилгээтэй орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт

-Төв аймгийн Сэргэлэн сумын IV багийн Гүнбүрдийн аманд байрлах 50000 м.кв талбайтай худалдаа, үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалттай эзэмших эрхтэй газар

-Налайх дүүргийн Шаварт хэмээх газарт байрлах 25.94 гектар  талбай бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрөл

Налайх дүүргийн II хороонд байрлах 30000 м.кв талбайтай орон сууцны зориулалттай, эзэмших эрхтэй газар багтсан байна.


Эдгээр хөрөнгийг сонирхсон иргэд, аж ахуй нэгж та бүхэн өргөнөөр оролцоно уу. Хөрөнгийн албадан дуудлага худалдаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг http://www.niislel.cd.gov.mn, www.facebook.com/niislel.cd.gov.mn цахим хаягуудаас авна уу.

Холбоотой мэдээ